Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн огцрох хүсэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хотын дарга асан Х.Нямбаатарын талаар байр сууриа илэрхийлэв. Х.Нямбаатар Канад улсад байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн талаар сөрөг мэдээллийг сошиалаар цацсаар байгаа юм. Тэрбээр "Хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг хуулиар хамгаална гэсэн байдаг ч яс юман дээрээ хамгаалах юу ч байхгүй юм билээ. Захын нөхөд гүтгэж, доромжилж байгаа. Хамгаалах юмгүй учраас Ерөнхийлөгч улс орныхоо нэр хүндийг бодоод ажлаа өгөөд, нэр төрөө сэргээлгэхээс өөр аргагүй байдалд оруулж байна. Өнөөдөр төрийн тэргүүн чинь өөрөө эр зориг гаргаад, хүсэлтээ өгөөд явж байна. Чадаж байгаа биз дээ. Ийм нүүр бардам, ёс зүйтэй бай л даа. Намайг өчнөөн гүтгэж байгаа. Төрийн тэргүүний нэр хүндэд халдаж байгаа нь үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах гэсэн гэмт хэрэг. Үүнийг тагнуулын байгууллага шалгаж, тогтоох хэрэгтэй. Үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах гэсэн төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байна шүү дээ. Энэ бол төрийн эсрэг маш ноцтой гэмт хэрэг. Хууль зүйн сайд байсан хүн нь хилийн чанадад гарчхаад бусдыг гүтгэж байна. Янз бүрийн зургийн эвлүүлэх хийж байгаад. Тэр хүн хичнээн гүтгэсэн ч ирээд хариуцлага хүлээхгүй. Тийм хуулийн заалт байхгүй. Одоо тэр хуулиа хурдан хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол Монголын төрийн дархлаа өдөр ирэх тутам унана шүү. Шувуу болоод нисчихсэн нөхрийг авчирч хуулийн өмнө яриулах хэрэгтэй. Орогнол хүсээд явж байгаа юм гэсэн. Асар том гэмт хэрэг хийгээд зугтаасан нөхөр шүү дээ тэр. Туулын бургасыг хядаад, 500 тэрбум төгрөг хууль бусаар бусдад олгоод, завсраас нь авлига авсан" гэлээ.
