Depository of News

АН: УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх хугацаандаа парламентыг тараах санаачилга гаргах ёсгүй

ikon.mn · politics

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Түүх сануулъя. Анх төмөр зам, нүүрс гэдэг энэ том авлигын хэргүүдийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нууцад авсан. Энэ бол дэлхийн улсуудад байдаг том мафи ч ингэж төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг. Энэ явдал М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулснаас эхэлсэн. Тэр хүн ҮАБЗ дээр энэ асуудлыг эсрэг зогсож байсан учраас, гаргаад, өөрийн бодлогыг дэмжих хүүхэлдэйнүүдийг авчирсан. ҮАБЗ-ийн шийдвэр гарах үед УИХ-ын даргаар Г.Занданшатар ажиллаж байсан. Тухайн үед би "Ерөнхийлөгч нутгийн дүүгээ УИХ-ын толгойд тавиад түүнийгээ ҮАБЗ рүү оруулж, шүүхийг шүүх биш, прокурорыг прокурор биш болгож, УИХ-ын гишүүдийг заналхийлж байгаад, авлигыг эхлүүллээ шүү" гэж хэлж байсан. Тиймээс энэ хэргийн ул, сууриас нь эхлэн шалгах ёстой. Тухайн үед шийдвэр гаргасан ҮАБЗ-ийн бүх гишүүн хариуцлага хүлээх ёстой. Үүнийг шударгаар шийдэхийн тулд хийх ёстой ажил байна. Нэгдүгээрт, УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг давхар хэрэгжүүлэх гэж байна. Ингэхдээ УИХ-ын даргын огт эдэлж болохгүй хэд хэдэн эрх бий. Нэг нь УИХ-ын тараах. Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж энэ саналыг УИХ руу оруулдаг. Гэтэл одоо нэг хүн энэ эрх мэдлийг хэрэгжүүлэх гэж байна. УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрх мэдлийг хэрэгжүүлэх хугацаандаа парламентыг тараах ямар ч санаачилга гаргах эрхгүй байх ёстой. Хоёрдугаарт, УИХ-ын дарга баталсан хуульдаа өөрөө хориг тавьж болохгүй. Гуравдугаарт, УИХ-ын дарга ҮАБЗ-ийг тэргүүлэх гэж байна. ҮАБЗ-өөс гурван хүний санал нэгдэж байж шийдвэр гардаг. Гэтэл одоо нэг хүн орлох гэж байна. Тиймээс ҮАБЗ асуудал үнэхээр л ноцтой болоогүй бол нэг хүний хоёр саналтайгаар хуралдах боломжгүй гэдгийг сануулах хэрэгтэй. Ийм байдлаар УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг нарийвчлан журамлах шаардлагатай. Эдгээр асуудлыг Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөлд тусгасан байгаа ч хуулийн төслөө өргөн барих товыг хүлээж байна. Мөн хуульд УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж зааснаас бус Ерөнхийлөгч УИХ-ын чуулганыг удирдана гэдэг заалт байхгүй. Тийм учраас Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа УИХ-ын дарга Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийг хэрэгжүүлээд явж болно. УИХ-ыг хоёр дэд даргын нэг удирдаад явах нь Үндсэн хуультай зөрчилдөхгүй. УИХ-ыг хэн удирдах гэдэг асуудал яригдахаас өөр аргагүй юм.

Read full article →