Depository of News

У.Отгонбаяр: Телевизийн студид мэтгэлцэж болно

ikon.mn · world

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 26 гишүүний 2026 оны аравдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2026.11.18/ хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Өмнө нь шүүхийн шийдвэрээр хориглоод байсан хаврын морин уралдааныг дахин сэргээх агуулгатай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг байнгын хорооны нэр бүхий гишүүд дэмжсэн юм. Энэ асуудлаас үүдэлтэй УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хуулийн төсөл санаачлагч У.Отгонбаярыг халз мэтгэлцээнд дуудсан боловч ирээгүй. Х.Баасанжаргал гишүүн мэтгэлцээнд ирээгүй талаар мэдээлэл өгч дууссаны дараа УИХ-ын гишүүн У.Отгонбаяр яагаад мэтгэлцээнд ирээгүй талаар тайлбар өглөө. Тэрбээр "Энэ хуулийн төслийг 25 гишүүн өргөн барьсан. Тиймээс гишүүдтэйгээ ярилцаж байгаад мэтгэлцээнд орох эсэх шийдвэрийг гаргах ёстой. Би ганцаараа шийдвэр гаргах боломжгүй учраас өнөөдрийн мэтгэлцээнд ирээгүй. Надтай ярьж тохирсон бол цагаа товлох боломжтой байсан. Хоёр талаасаа 100 хувь тохиролцоогүй. Хуулийг нэг баталчихвал насан туршдаа мөрдөөд явах боломж бололцоо байхгүй. Цаг үетэйгээ нийцэх ёстой. Өнөөдөр ний нуугүй ярихад энэ хуулийн амин сүнс нь хүүхдийн эрхийн асуудал. 21 аймагт өвөл, хаварт нууц морин уралдаан маш их зохион байгуулагддаг. Энэ нь сөрөг үр дагавартай. Ямар ч хуулийн зохицуулалт байхгүйгээс болж хагас, бүтэн сайнд уралдаан болдог. Хол газар уулын аманд очиж морин уралдаан хийдэг. Хүүхдээ мордуулахдаа сумаас албаныхан ирвэл зугтаагаарай гэж хэлээд мордуулдаг. Ийм хүүхэд яаж өнөөдөр морь унаж уралдах вэ. Хүүхдийн эрх зөрчигдөж байна. Тиймээс хуулийн зохицуулалтай болгох хэрэгтэй. Мал аж ахуйн салбар Монгол Улсын нийгэм эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг. Хөдөө эзгүй болчих гээд байна. Хөдөө орон нутагт залуучуудыг ганц барьж тогтоож байгаа шалтгаан бол хурдан морь. Хоёр талаас суугаад хууль өргөн барьсан гишүүд ярилцаад телевизийн студид мэтгэлцэж болно. Коридорт гэвэл хэрүүл ч биш, хэлцэл ч биш болох байх. Би хууль өргөн барьсан гишүүдтэйгээ ярилцана. Маргааш УИХ-ын чуулганаар ороод зөвхөн хэлэлцэх эсэхийг л шийднэ шүү дээ" гэв.

Read full article →