Гана улсын ерөнхийлөгч өөртөө шинэ онгоц худалдаж аваад ард иргэдээ бухимдуулав
Баруун Африкийн Гана улсын ард иргэдийн олонх нь амьжиргааны өндөр өртөгтэй тэмцэж буй энэ үед тус улсын ерөнхийлөгч өөртөө шинэ онгоц худалдан авчээ. Франц улсад үйлдвэрлэсэн, $60 саяын үнэтэй "Falcon 6X" загварын онгоц нь улс төрийн хүрээнд бас томоохон маргаан дэгдээгээд байна. Сөрөг хүчний улс төрчид ерөнхийлөгч Жон Махамагийн засаг захиргааг нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлаа буруу тодорхойлсон гэж шүүмжилж байгаа юм. Харин засгийн газрын зүгээс уг худалдан авалтыг зөвтгөж, Гана улсын эдийн засаг сайжирч байгаа тул шинэ онгоц худалдаж авах боломж бүрдсэн, мөн ерөнхийлөгчийн хуучирсан онгоцыг солих шаардлагатай байсан гэх зэргээр тайлбарлажээ. Махамагийн засаг захиргаа Гана улс олон жилийн турш үргэлжилсэн санхүүгийн хүндрэлийн дараа (үүний улмаас Олон Улсын Валютын Сангаас тусламж авахад хүрсэн) эдийн засаг сэргэж байгааг харуулахыг хичээж байна. Францын сансар, агаарын тээврийн "Dassault Aviation" компанийн үйлдвэрлэсэн уг онгоцыг Даваа гарагт Гана улсын агаарын цэргийн хүчинд хүлээлгэн өгсөн бөгөөд үнийг нь $61 сая гэж мэдээлжээ. Парламент өнгөрсөн оны арванхоёрдугаар сард уг худалдан авалтын гэрээг баталсан бөгөөд энэ нь Гана улсын цэргийн нисэх хүчний паркийг шинэчлэх өргөн хүрээтэй хөтөлбөрийн нэг хэсэг юм. Тус хөтөлбөрт "Airbus" компаниас дөрвөн нисдэг тэрэг худалдаж авах ажил ч багтсан байна. Даваа гарагт онгоцыг хүлээн авах ажиллагаа ёслол төгөлдөр болсон хэдий ч цахим орчин болон сөрөг хүчнийхний дунд түүний өртөг, худалдан авсан цаг хугацааны талаар нэлээд шүүмжлэл өрнөжээ. Махама өөрөө сөрөг хүчин байхдаа ерөнхийлөгчийн шинэ онгоц худалдаж авахыг эсэргүүцэж байсан тул одоо яагаад түүний засаг захиргаа үүнийг хэрэгжүүлэхээр шийдсэн бэ гэдэг асуулт гарч ирж байна. Сөрөг хүчний улс төрч Самуел Абу Жинапор засгийн газар нэн тэргүүний зорилт нь юу болохыг ойлгохгүй байгааг, Гана улсын ард иргэдийн олонх нь амьжиргааны өртөгтэй тэмцэж, залуучуудын ажилгүйдэл түгшүүртэй түвшинд хэвээр байгаа энэ үед ийм зардал гаргасныг шүүмжилжээ. "Сөрөг хүчин байхдаа хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж байсан зүйл, зөвхөн эрх баригчид солигдсон гэдэг шалтгаанаар гэнэт хүлээн зөвшөөрөгдөх зүйл болж хувирах ёсгүй" гэж Жинапор мэдэгдсэн байна. Тэрбээр эрх баригч Үндэсний Ардчилсан Конгресс намын хоёр нүүрийг шүүмжилж, худалдан авалтын үйл явцыг нээлттэй, ил тод байлгахыг тэднээс уриалжээ. "Энэ мөнгөөр 100,000 гаруй сувилагч, 200,000 багшийг ажиллуулах боломжтой" гэж X (хуучнаар Twitter) сүлжээний нэгэн хэрэглэгч бичсэн байна. Гэвч засгийн газар энэхүү шүүмжлэлийг эрс няцааж, эрх баригч нам үүнтэй төстэй худалдан авалтыг эсэргүүцдэг байсан цаг үеэс хойш Гана улсын эдийн засгийн нөхцөл байдал эрс өөрчлөгдсөнийг мэдэгджээ. Түүнчлэн уг онгоцонд тусгай унтлагын өрөө, угаалгын өрөө бий гэх мэдээлэл гарсны дараа маргаан улам хүчтэй өрнөсөн байна. Гэвч засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч онгоцонд ийм тансаг тохижилт байгааг няцааж, ерөнхийлөгч "агаарт байхдаа усанд орох" бодолгүй болохыг онцолжээ. "Тэнд ямар ч угаалгын өрөө байхгүй. Ерөнхийлөгч Махама агаарт байхдаа усанд орох бодолгүй байна" гэж тэр хэлсэн юм. Засгийн газрын мэдээлснээр шинэ онгоц нь 16 жилийн настай, түлшний савны зэврэлт, гоожилт зэрэг засвар үйлчилгээний асуудлууд байнга гардаг "Falcon 900EX" загварын онгоцыг орлох юм байна. Энэхүү хуучин онгоц нь 2025 онд засвар хийлгэх явцдаа Францад хэдэн сарын турш ашиглалтаас гарч, саатсан гэх мэдээлэл байгаа юм. Албаны хүмүүсийн хэлснээр шинэ "Falcon 6X" загварын онгоц нь илүү хол зайд нисэх чадвартай тул олон улсын нислэгийн үеэр түлш цэнэглэх шаардлагыг бууруулж, ерөнхийлөгчийн аяллын найдвартай байдлыг нэмэгдүүлэх ажээ. Гана улсын их сургуулийн эдийн засагч, профессор Годфред Алуфар Бокпин ерөнхийлөгчийн аюулгүй байдал нэн тэргүүний асуудал мөн боловч эдийн засгийн хатуу хэмнэлтийн арга хэмжээ авч, ажилгүйдэл өндөр, дэд бүтцийн олон асуудал тулгарч буй энэ цаг үед онгоц худалдаж авах нь тохиромжгүй байгааг хэлсэн юм. Тэрээр BBC-д өгсөн ярилцлагадаа "Энэ шийдвэрийг цаг хугацаа талаас нь ойлгоход жаахан хэцүү байна" гээд засгийн газар уг худалдан авалтын зардал болон үр өгөөжийн шинжилгээг танилцуулах ёстойг сануулжээ. Эх сурвалж: BBC
