Испанийн домогт дуучин Хулио Иглесиас бэлгийн хүчирхийллийн хэргээр шалгагдаж эхэлжээ
Испанийн шүүх Лхагва гарагт алдарт дуучин Хулио Иглесиасын эсрэг мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргажээ. Ажилтан нь байсан хоёр эмэгтэй түүнийг бэлгийн хүчирхийлэлд буруутгаж, гомдол гаргасан юм байна. Иглесиас өөрөө үүнийг эрс үгүйсгэжээ. Өмнө нь Бахамын арлууд болон Доминиканы Бүгд Найрамдах Улсад үйлдэгдсэн гэмт хэргийг шүүх эрх мэдэл Испанид байхгүй гэсэн үндэслэлээр эхний гомдлыг хэрэгсэхгүй болгож байсан бол одоо нөхцөл байдал өөрчлөгдөж, хэргийг дахин сэргээжээ. Гэрийн үйлчлэгч, физик эмчилгээний мэргэжилтэн болох эдгээр эмэгтэйчүүд 2021 онд Карибын тэнгисийн орнуудад байрлах Иглесиасын эзэмшлийн газруудад ажиллаж байхдаа бэлгийн болон бусад хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн талаараа гомдол гаргасан байна. Олон арван жилийн замналынхаа туршид 300 сая гаруй ширхэг цомог борлуулж, Грэммийн шагнал хүртэж байсан 83 настай Иглесиас эдгээр буруутгалыг "ор үндэсгүй худал" гэж мэдэгджээ. Тэрбээр хэзээ ч "ямар нэгэн эмэгтэйг хүчирхийлж, албадаж, эсвэл хүндэтгэлгүй харьцаж байгаагүй" гэж мэдэгдсэн байна. Мадридын шүүх "бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг" (үүнд бэлгийн халдлага болон бусад төрлийн гэмт хэргүүд багтана), түүнчлэн бие махбодод гэмтэл учруулах, хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох үйлдлүүдийг шалгах болсноо мэдэгджээ. Гэхдээ шүүхээс зарим гэмт хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байж болзошгүйг анхааруулсан байна. Мөн хүний наймаа болон ажилчдын эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх зарим гомдлыг шүүх хэрэгсэхгүй болгожээ. Шүүхийн мэдээлснээр гомдол гаргагчдын нэгний өгсөн мэдүүлэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэл болсон гэнэ. Гомдол гаргагчдын нэгний гаргаж өгсөн гэрэл зурагт "гарт нь үүссэн хөхрөлт" харагдаж байгаа бөгөөд энэ нь "хэн нэгэн хүчтэй барьж авсны улмаас үүссэн байж болзошгүй" гэж мэдэгдэлд дурджээ. Мөн уг гэрэл зурагт гуяны хэсэгт "хүний хазалт байж болзошгүй хоёр мөр" харагдаж байгаа бөгөөд гомдол гаргагч үүнийг "бэлгийн шинж чанартай үйлдлүүдэд хүчээр оролцуулсны" үр дагавар гэж мэдүүлсэн байна. Шүүхээс гомдол гаргагчдыг хоёрдугаар сарын 3-ны өдөр болох шүүх хуралд ирүүлэхээр дууджээ. Энэ оны нэгдүгээр сард эхний гомдлыг хэрэгсэхгүй болгосны дараа хохирогчдыг төлөөлж буй байгууллага хэдийгээр гадаадад үйлдэгдсэн ч Испанитай холбоотой хэргүүдийг Испанид шүүх ёстой гэж мэдэгдэж байв. Есдүгээр сард хоёр дахь удаагаа гомдол гаргасны дараа прокурорын газраас уг хэргийг нарийн төвөгтэй хэргүүд болон Испанийн иргэдийн гадаадад үйлдсэн гэмт хэргийг дагнан шийдвэрлэдэг "Audiencia Nacional” шүүхээр хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж байжээ. Дэлхийн зах зээлд бусад бүх испани хэлтэй, Латин Америк уран бүтээлчдээс илүү олон цомог борлуулсан Иглесиас бол алдарт поп дуучин Энрике Иглесиасын эцэг юм. Эх сурвалж: AFP
