Depository of News

Исламын шашин 2035 онд Христийн шашныг гүйцэж, дэлхийн хамгийн том шашин болох тооцоо гарчээ

ikon.mn · world

"Pew Research Centre" төвөөс Лхагва гарагт танилцуулсан нарийвчилсан тооцооллоор 2035 он гэхэд Исламын шашин дэлхийн хамгийн том шашин болж, Христэд итгэгчдийн тоог гүйцэж түрүүлэх төлөвтэй болжээ. Шашны хүн ам зүйн талаар 25 жилийн турш найдвартай, нөлөө бүхий тайлангуудыг гаргаж ирсэн Pew төвийн мэдээлснээр Ислам болон Христийн шашныг дагагчид адилхан өсөж байгаа хэдий ч Исламын шашныг шүтэгчид хамаагүй хурдацтай нэмэгдэж байгаа гэнэ. Үүний гол шалтгаан нь муслимууд бусад томоохон шашны бүлгүүдтэй харьцуулахад илүү олон хүүхэд төрүүлдэгт оршиж байгаа юм байна. Pew төвийн хүн ам зүйч Конрад Хакетт "Гол шалтгаан нь хүүхдүүд буюу төрөлт юм" гэж тайлбарлаад шашин солих болон бусад арга замаар шашны харьяаллаа өөрчлөх явдал нь төрөлтийн түвшинтэй харьцуулахад өсөлтөд маш бага нөлөө үзүүлдэг болохыг хэлжээ. Pew төвийн мэдээлснээр 2020-2025 оны хооронд Исламын шашинтнуудын дунд нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо (төрөлтийн түвшин) 3.1 байсан бол Христэд итгэгчдийн хувьд энэ үзүүлэлт 2.5 байсан байна. Харин бусад шашны бүлгүүдийн эмэгтэйчүүдийн хувьд дундаж төрөлтийн түвшин 1.6 байсан нь нэг үеийнхэн дараагийн үеэрээ бүрэн солигдоход шаардлагатай гэж үздэг 2.1 гэсэн түвшнээс доогуур үзүүлэлт юм. Pew төвийн хамгийн сүүлийн үеийн тооцооллоор 2020 онд дэлхий даяар 2.27 тэрбум Христэд итгэгч, 2.02 тэрбум Исламын шашинтан байжээ. Шинэ таамаглалаар 2035 он гэхэд Исламын шашинтнуудын тоо 2.57 тэрбум, Христэд итгэгчдийн тоо 2.52 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Хэрэв одоогийн чиг хандлага үргэлжилсээр байвал 2070 он гэхэд дэлхий дээр 3.6 тэрбум гаруй Исламын шашинтан, 3 тэрбум орчим Христэд итгэгч байх гэнэ. Эдгээр тооцоолол нь 2020-2070 оны хооронд томоохон шашны бүлгүүдийн тоо хэмжээ хэрхэн өөрчлөгдөж болохыг судалсан Pew төвийн өргөн хүрээтэй төслийн нэг хэсэг юм. Уг таамаглалд шашны бүлгүүдийн насны бүтэц, төрөлтийн түвшин, шашин солих болон шилжилт хөдөлгөөний хэв маяг зэрэгт ажиглагдаж буй ялгаануудыг харгалзан үзжээ. Судалгааны онцлох үр дүнгүүдийн нэг нь АНУ-д 40 жилийн дотор Христэд итгэгчид хүн амын олонх байхаа болих тухай юм байна. Одоогийн байдлаар хүн амын 62 хувийг Христэд итгэгчид бүрдүүлж байгаа ч 2065 он гэхэд энэ тоо 50 хувиас доош буурах төлөвтэй байгааг Pew судалгааны төв мэдээлжээ. Мөн тус төвийн мэдээлснээр хөрш Канад улсад Христэд итгэгчдийн хүн амд эзлэх хувь 2030 он гэхэд 50 хувиас доош орох төлөвтэй байна. Энэ хоёр улсын аль алинд ажиглагдаж буй бууралтын гол шалтгаануудын нэг нь ямар нэгэн шашин шүтлэггүй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа явдал гэнэ. 2070 он гэхэд шашин шүтлэггүй хүмүүс АНУ-ын хүн амын 41 хувийг эзлэх, харин Канад улсад тэдний тоо Христэд итгэгчдийнхээс давах төлөвтэй байна. Pew судалгааны төвийн тооцооллоор дэлхийн хүн ам 2020-2070 оны хооронд 29 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Судалгаанд хамрагдсан шашны бүлгүүдээс зөвхөн Исламын шашинтнууд болон Христэд итгэгчдийн тоо л дэлхийн хүн амын өсөлттэй хөл нийлүүлэн нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд Христэд итгэгчид 30 хувиар, Лалын шашинтнууд 80 хувиар өсөхөөр байна. Хиндү болон Жүүдийн шашинтнуудын тоо үнэмлэхүй дүнгээрээ өсөж байгаа хэдий ч дэлхийн нийт хүн амд эзлэх хувь нь буурах төлөвтэй байгааг Pew онцолжээ. Мөн Буддын шашинтнуудын тоо болон дэлхийн хүн амд эзлэх хувь аль аль нь буурах төлөвтэй байгаа бөгөөд үүнд Хятад, Өмнөд Солонгос, Японы нийт хүн ам буурах хандлагатай байгаа нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна. Ирэх хэдэн арван жилийн хугацаанд дэлхийн хүн амын өсөлтийн дийлэнх хэсэг Африк тивд, ялангуяа Сахарын цөлийн өмнөх бүс нутагт (Sub-Saharan Africa) тохиох төлөвтэй байгаа бөгөөд тус бүс нутгийн хүн амын ихэнх нь Христэд итгэгчид эсвэл Исламын шашинтнууд юм. Тус бүс нутагт төрөлт өндөр, дундаж наслалт нэмэгдэж байгаа нь дэлхий даяар энэ хоёр шашныг шүтэгчдийн тоог өсгөхөд нөлөөлнө гэж Pew таамаглажээ. 2070 он гэхэд дэлхийн Христэд итгэгчдийн талаас илүү хувь нь Сахарын цөлийн өмнөх Африк тивд амьдрах бөгөөд Конго улс АНУ-ыг гүйцэж, хамгийн олон Христэд итгэгчтэй улс болох төлөвтэй байна. Тус улсад Христэд итгэгчдийн тоо гурав дахин нэмэгдэж, 270 саяд хүрэх ажээ. Бусад томоохон бүс нутгуудын хүн ам харьцангуй бага хэмжээгээр өсөх, эсвэл бүр буурах төлөвтэй байна. Жишээлбэл 2070 он гэхэд Европ тивд амьдарч буй хүмүүсийн тоо 17 хувиар буурч, харин тэндхийн Христийн шашинтнуудын тоо 505 саяас 324 сая болж, гуравны нэгээр цөөрөх төлөвтэй байгаа гэнэ. Үүнтэй зэрэгцэн Европын хүн амд эзлэх Исламын шашинтнуудын хувь хэмжээ 6 хувиас 13 хувь болж өсөх хандлагатай болжээ. АНУ-ын хувьд Христийн шашинтнуудын тоо 2020 онд ойролцоогоор 217 сая байсан бол 2070 он гэхэд 174 сая орчим болж буурах төлөвтэй байна. Pew төвийн тооцоолсноор 2020-2025 оны хооронд Исламын шашинт эмэгтэйчүүд бусад шашны бүлгүүдийн эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү олон хүүхэд төрүүлжээ. Энэ хугацаанд Исламын шашинт эхчүүдээс 252 сая орчим хүүхэд төрсөн бол Христийн шашинт эхчүүдээс 208 сая хүүхэд төрсөн байна. Ирэх хэдэн арван жилийн хугацаанд төрөлтийн тоо нь өсөх төлөвтэй байгаа цорын ганц томоохон шашны бүлэг бол Ислам юм. Харин бусад шашны бүлгүүдийн хувьд төрөлтийн тоо тогтвортой байх, эсвэл аажмаар буурах төлөвтэй байна. Pew төвийн тооцоолсноор хэрэв одоогийн чиг хандлага үргэлжилсээр байвал 2070 он гэхэд Пакистан улс хамгийн олон Исламын шашинт хүн амтай улс болох бөгөөд түүний араас Энэтхэг, Нигери, Индонез улсууд (одоогийн байдлаар хамгийн олон Исламын шашинт хүн амтай улс) орох төлөвтэй байгаа ажээ. Эх сурвалж: Associated Press

Read full article →