Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дархан-Уул аймаг анх удаа тэргүүллээ
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн зүгээс аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2012 оноос эхлэн жил тутам гаргадаг. Тус байгууллагаас өнөөдөр “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026”-г танилцууллаа. Судалгааны ерөнхий үнэлгээгээр Дархан-Уул аймаг 100 оноогоор тэргүүлсэн бол Дорноговь 96.2, Орхон 92.3 оноогоор удаалав. Мөн Өмнөговь 79.8, Дорнод 76.5 оноогоор эхний тавд багтсан байна. Тус тайланд Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлгийн хүрээнд нийт 115 шалгуур үзүүлэлтээр үнэлжээ. Үнэлгээнд албан ёсны статистик мэдээлэл болон аймаг бүрийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын дүнг ашигласан аж. Хурлын эхэнд судалгааны төвийн Гүйцэтгэх захирал Ч.Отгочулуу "Манай төв бол төрөөс хараат бус байгууллага. Бид өмнө нь 2023 онд санал асуулга бүхий цогц судалгаа явуулсан. Харин сүүлийн хоёр жил зөвхөн статистик мэдээлэлд үндэслэн судалгааг гаргасан. Харин энэ жил санал асуулга бүхий иж бүрэн судалгаа хийсэн юм. Тийм учраас энэ удаагийн судалгааг 2023 оныхтой харьцуулах нь илүү оновчтой" гэв. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Судалгааны үр дүнгийн талаар тус төвийн судлаач Б.Мөнгөнжигүүр "Тухайн жилд хамгийн өрсөлдөх чадвартай аймгийг 100 оноотой гэж үзэж бусад аймгийг нь харьцуулсан байдлаар танилцуулдаг. Гурван жилийн өмнөхтэй харьцуулахад өрсөлдөх чадвараараа эхний тавд бичигдсэн аймгуудаас дөрөв нь байраа хадгалж үлдсэн байна. Харин өмнөх судалгаагаар гуравдугаарт жагссан Дархан-Уул аймаг энэ удаа тэргүүллээ. Өмнө нь Орхон аймаг өрсөлдөх чадвараа тэргүүлж Дорноговь удаалж байсан бол энэ удаад Дорноговь, Орхон, Өмнөговь, Дорнод аймаг эхний тавд орлоо" гэв.
