Б.Одбаяр: Авто замын эвдрэлийг засварлах, тэмдэг, тэмдэглэгээг сэргээх ажлыг энэ сарын 30-н хүртэл үргэлжлүүлнэ
Энэ онд нийслэлд шинээр барьж буй авто замын ажлын явц 75 хувьд хүрч, нийт 64 байршилд 74.87 км авто замын ажил гүйцэтгэхээс 51 байршилд 63.47 км замыг шинэчилжээ. Харин нийслэлийн төвийн зургаан дүүргийн 34 байршилд 18.21 км орон сууцны хороолол доторх авто замыг шинэчилж байна. Тус ажлын гүйцэтгэл 68 хувьтай, гурван дүүргийн ажил дуусаж, үлдсэн гурван дүүргийн ажил он дамжин үргэлжилнэ гэдгийг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танилцууллаа. Авто замын засвар, арчлалтын ажлыг 22 байршилд хэрэгжүүлж, ажлын явц 90 хувьтай байна. Энэ хүрээнд авто замын эвдрэл гэмтлийг засварлах, тэмдэг, тэмдэглэгээг сэргээх ажлыг арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжлүүлнэ. Нийслэлд дугуйн замын сүлжээг өргөтгөх ажлыг үе шаттай хэрэгжүүлж буй. Дугуйн замын сүлжээг 2026 онд 197.5 км, 2027 онд 312.5 км, 2028 онд 450 км болгон нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Энэ онд хэрэгжүүлэх ажлын явц 68 хувьтай байгааг мэдээлэв.
