Depository of News

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл ₮2.6 их наядад хүрч, өмнөх оны мөн үеэс ₮302.1 тэрбумаар өслөө

ikon.mn · world

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын голлох үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцууллаа. Энэ дундаас мөнгө болон зээлийн голлох үзүүлэлтүүдийг хүргэж байна. 2026 оны аравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр Мөнгөний нийлүүлэлт (M2) 55.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.5 (26.0%) их наяд төгрөгөөр өсжээ. Ингэж өсөхөд төгрөгийн хадгаламж зургаан (25.2%) их наяд төгрөгөөр, валютын харилцах 3.3 (82.8%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.5 (24.8%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн аж. Харин гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 1.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 70 (5.8%) тэрбум төгрөгөөр өссөн бол өмнөх сараас 11.8 (0.9%) тэрбум төгрөгөөр буурчээ. Тэгвэл төгрөгийн хадгаламж энэ оны эхний 10 сард 30 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.0 (25.2%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 387.4 (1.3%) тэрбум төгрөгөөр өсжээ. Төгрөгийн хадгаламжийн 24.0 (80.2%) их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 5.9 (19.8%) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж бүрдүүлж байна. Валютын хадгаламж 5.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 337.9 (6.2% тэрбум төгрөгөөр буурч, өмнөх сараас 332.8 (6.9%) тэрбум төгрөгөөр өслөө. Харин нийт зээлийн үлдэгдэл 50.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.5 (14.9%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 649.6 (1.3%) тэрбум төгрөгөөр өсжээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 59.3 хувь нь иргэд, 39.2 хувь нь хувийн байгууллага, 1.0 хувь нь төрийн байгууллага, 0.5 хувь нь санхүүгийн байгууллага болон бусад байгууллагынх байгаа юм. Тэр дундаа хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 46.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.9 (17.3%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 620.6 (1.4%) тэрбум төгрөгөөр өсөв. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 92.5 хувийг эзэлж байна. Харин анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 2026 оны 10 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 622.7 (35.1%) тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 21.9 (1.9%) тэрбум төгрөгөөр буурчээ. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 2.3 хувийг эзэлжээ. Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2026 оны 10 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 2.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 302.1 (13.1%) тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 50.9 (2.0%) тэрбум төгрөгөөр өсжээ. Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.2 хувийг эзэлж байна.

Read full article →