Depository of News

С.Шаарийбуу: Цахим өргөдөлд залуус олноороо гарын үсгээ зураарай, аав ээждээ яаж зурахыг нь зааж өгөөрэй

ikon.mn · world

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа 2006 онд Малайз улсад бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлж, уучлалт гуйлгахын тулд талийгаачийн аав С.Шаарийбуу гуай 20 жилийн турш шат шатны шүүхэд хандсаар буй. Мөн саяхан талийгаач Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдэхийг шаардсан цахим өргөдлийг change.org платформд үүсгэсэн байна. Энэхүү цахим өргөдөлд залуус олуулаа гарын үсгээ зурж, платформд нэвтэрч гарын үсгээ зурж чадахгүй байгаа аав ээж, эргэн тойрны хүмүүстээ зааж өгөхийг С.Шаарийбуу гуай уриалав. Түүнчлэн Засгийн газраас Монгол Улсын иргэний амь нас онц хэрцгийгээр хөнөөгдсөн асуудалд анхаарч байгаа талаар талийгаачийн аав С.Шаарийбуу "Монгол Улс түүхэндээ анх удаа Димарш(Demarche) хийж байгаа. Урд нь хэзээ ч ийм зүйл хийж байгаагүй. Энэ нь улс хоорондын тулган шаардах бичиг гэсэн үг. Би өргөдлөө гаргасны дагуу Засгийн газар, Гадаад Харилцааны Яам шийдвэрээ гаргасныг Ерөнхий сайд асан Г.Занданшатар хүргэж өгч байгаа юм. Жирийн хүн үүнийг хүргэж өгдөггүй. Г.Занданшатар бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд байсан хүн учир өөр түвшинд, дэлхий дахин мэддэг хүн. Тэр хүн очиж хэвлэлийн хурал хийхэд амаргүй байсан. Маш хүнд нөхцөлд хийсэн. Агуулгаа нэлээд ярилцаж байж шийдсэн. Би Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-д хандахаар гарын үсэг цуглуулж байгаа. Залуус, оюутнуудаас хүсэхэд олуулаа гарын үсэг зураарай, аав ээждээ цахимаар гарын үсэг зурахад нь туслаад өгөөрэй. Хүмүүс платформд орж чадахгүй байна гээд байгаа" хэмээв. Нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх, олон улсын анхаарлыг татах гол шугамын нэг change.org платформд үүсгэсэн " Justice for Altantuya Shaariibuu " цахим өргөдөлд гарын үсгээ зурах бол энд дарна уу .

Read full article →