Сокорро Эскаланте: Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосон нь нийгмийн эрүүл мэндийн салбарт гарсан чухал амжилт
Эрүүл Мэндийн Яам болон ДЭМБ-ын зүгээс улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосныг өнөөдөр мэдээллээ. Халдварт өвчний тандалтын мэдээллээр улаанбурхан өвчний хамгийн сүүлийн батлагдсан тохиолдол 2026 оны наймдугаар сарын 24-нд бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй тул улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосон гэж үнэлж болохоор байгаа аж. Уг үнэлгээг өнөөгийн тархвар судлалын нөхцөл байдал болон лабораторийн мэдээлэлд үндэслэн хийсэн бөгөөд шинэ нотолгоо, мэдээлэл гарсан тохиолдолд тандалтыг үргэлжлүүлж, үнэлгээг дахин хянана гэлээ. Дэгдэлтийг таслан зогсоосон нь улаанбурхан өвчний эрсдэл бүрэн арилсан гэсэн үг биш юм. Улаанбурхан өвчний дэгдэлтийг хяналтад авахад дархлаажуулалт гол үүрэг гүйцэтгэсэн гэдгийг салбарынхан онцолж байна. Товлолт дархлаажуулалтыг эрчимжүүлж, нөхөн болон нэмэлт дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулснаар өмнө нь вакцинд хамрагдаагүй болон дутуу хамрагдсан хүмүүсийг дархлаажуулалтад хамруулж, дархлаажуулалтад хамрагдаагүй хүн амын тоог бууруулахад чухал хувь нэмэр оруулжээ. "Вакцинд огт хамрагдаагүй буюу дутуу хамрагдсан хүүхэд, бусад хүн амын бүлэг халдвар авах эрсдэлтэй хэвээр байна" Дархлаажуулалтыг эрчимжүүлэх арга хэмжээний үр дүнд улаанбурхан өвчинд өртөмтгий хүн амын тоог бууруулахад чухал ахиц гарсан ч дархлаагүй хүн ам тодорхой хэмжээнд хэвээр байгаа бөгөөд вакцинд огт хамрагдаагүй буюу дутуу хамрагдсан хүүхэд, бусад хүн амын бүлэг халдвар авах эрсдэлтэй хэвээр байна. Иймд эдгээр хүн амд хүрч ажиллах, дархлаажуулалтад хамрагдаагүй хүн амыг нөхөн дархлаажуулах, улаанбурхан өвчний дэгдэлт дахин гарахаас сэргийлэх хүчин чармайлтыг тогтвортой үргэлжлүүлэх нь нэн чухал байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байлаа. Улаанбурхан өвчин дэлхийн олон улс оронд тархсаар байгаа тул зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгдэх эрсдэл хэвээр байна. Ялангуяа дархлаажуулалтын хамралт хангалтгүй хүн амын дунд халдвар цааш тархаж, шинэ дэгдэлт үүсэх эрсдэлтэй. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар "Улаанбурхан өвчин нь вакцинаар сэргийлж болох өвчин бөгөөд уг халдварын эсрэг вакциныг Монгол Улсад нэвтрүүлээд даруй 50 гаруй жил өнгөрсөн ч дэгдэлтийн үед бид уг өвчнөөр бага насны хүүхдүүдээ алдсан нь тун харамсалтай хэрэг юм. Ирээдүйд дахин ийм нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, хүүхэд бүр эрүүл, аюулгүй нөхцөлд өсөн торних, цаашлаад улаанбурхан төдийгүй бусад вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулж, таслан зогсооход Засгийн газрын зүгээс тасралтгүй анхаарч ажиллахаа илэрхийлж байна. Харин үүнд бүх түвшний эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд эцэг эх, асран хамгаалагч, ард иргэдэд дархлаажуулалтын ашиг тусын талаар зөв мэдлэг, мэдээлэл өгөхөд тэргүүн эгнээнд хамтран ажиллах нь чухал юм. Иймд Эрүүл Мэндийн Яам болон ДЭМБ-аас хүүхэд бүрийг улаанбурхан өвчний эсрэг вакцины зөвлөмж болгосон хоёр тун вакцинд товлосон хугацаанд бүрэн хамруулах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллахыг уриалж байна. Эрүүл мэндийн байгууллагууд аймаг, дүүрэг бүрд дархлаажуулалтад хамрагдаагүй хүн амыг тодорхойлж, нөхөхөд тухайн орон нутгийн дархлаажуулалтын хамралт, тандалт болон эрсдэлийн үнэлгээний мэдээллийг тогтмол ашиглан зорилтот арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг харьяа эрүүл мэндийн байгууллага, өрх, сумын эрүүл мэндийн төвөөс нягталж, хоцорсон тун байгаа тохиолдолд нөхөн дархлаажуулалтад хамруулахыг зөвлөж байна" гэв. ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте "Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосон нь нийгмийн эрүүл мэндийн салбарт гарсан чухал амжилт юм. Дархлаажуулалт нь улаанбурхан өвчнөөс хамгаалах хамгийн хүчирхэг арга хэвээр байгаа бөгөөд хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг цаг алдалгүй авах, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудын нягт уялдаа холбоотой ажиллагаа нь үүнд чухал үүрэгтэй байдаг. Энэхүү ахиц дэвшлийг тогтвортой хадгалахын тулд дархлаажуулалт болон нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог улам бэхжүүлж, эрүүл мэндийн ажилтнуудаа дэмжихийн зэрэгцээ гэр бүл, олон нийтийг эрүүл мэндээ хамгаалахад нь идэвхтэй оролцогч болгон чадавхжуулах шаардлагатай" гэдгийг хэлж байлаа.
