Францын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Филип Диалло FIFA-гийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болжээ
Францын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Филип Диалло ирэх оны гуравдугаар сард болох Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсноо зарлалаа. Даваа гарагт Европын Хөлбөмбөгийн Холбоо (UEFA)-ны Удирдах Зөвлөлийн хурлаар Ф.Диаллог нэр дэвших санал тавьж, түүнийг бүрэн дэмжихээ илэрхийлсний дараа саналыг хүлээн авснаа албан ёсоор мэдэгдсэн байна. Ирэх оны гуравдугаар сарын 18-нд Мароккогийн нийслэл Рабат хотноо ээлжит сонгууль болно. Одоогийн ерөнхийлөгч Жианни Инфантино 2016 оноос хойш хашиж байгаа албаа үргэлжлүүлэхээр дахин нэр дэвшихээр болсон билээ. Гэхдээ Ж.Инфантиногийн явуулсан бодлого Европын зарим орнуудын эсэргүүцэлтэй тулгарсан. Тиймээс ирэх сонгуулиар түүнийг албан тушаалаас нь буулгахаар санал нэгдсэн юм. Өдгөө 63 настай Ф.Диаллогийн хувьд 2021 оноос Францын хөлбөмбөгийн холбоонд зүтгэж буй. Тэрбээр 2022 онд дэд ерөнхийлөгчөөр томилогдоод 2023 оноос ерөнхийлөгчийн албан тушаалд очжээ. 2024 оны арванхоёрдугаар сард болсон сонгуулиар дахин дөрвөн жил ажиллахаар болсон юм. Өнгөрсөн есдүгээр сард Францын хөлбөмбөгийн холбооноос ирэх сонгуульд Ж.Инфантиног дэмжихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн аж. Өмнө нь Японы хөлбөмбөгийн холбооны хүндэт ерөнхийлөгч Козо Ташима, "Тоттенхэм Хотспур" багийн тоглогч асан Рамон Вега нар сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарласан билээ. Нэр дэвшигчид хамгийн багадаа FIFA-гийн таван гишүүн орны дэмжлэг авбал сонгуульд өрсөлдөх эрхтэй болох юм. Эх сурвалж: Reuters
