АН: Авлигын хэрэгт холбогдсон төрийн тэргүүн хүртэлх албан тушаалтнууд ажлаа өгч, шалгуулах ёстой
УИХ дахь Ардчилсан Нам (АН)-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тус хурлаар эрх баригч намын удирдлагуудын холбогдсон хэрэгтэй холбоотой асуудлыг авч хэлэлцэн шаардлага гаргажээ. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин мэдээлэл өглөө. Тэрбээр "Сүүлийн 10 жил манай улсын эдийн засаг дээрдсэнгүй. Энэ хугацаанд төрийн эрх мэдэлтүүд бүх төрлийн хулгайд орооцолдсон. Нөгөө талдаа 10 жилийн хугацаанд Монголын төрийн улсыг хөгжүүлэх зорилготой нам барьж байсан уу, гэмт хэргийн бүлэглэл барьж байв уу гэдэг мэдээлэл нээлттэй болж байгаа. Энэ хулгайд оролцсон Засгийн газрын болон бусад албан тушаалтан ажлаасаа чөлөөлөгдөж, хэргээ шалгуулах ёстой гэсэн шаардлагыг Ардчилсан нам гаргаж байна. Цаашдаа хулгайд холбогдсон хүмүүст хариуцлага тооцох, олон нийтэд мэдээлэл хүргэх ажлыг Засгийн газраас шаардана. Тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгнө. Шаардлагатай гэвэл Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Манай намын бүлгийн 42 гишүүн гарын үсэг зурж, Хянан шалгах түр хороо байгуулна. Бүх оффтэйк гэрээг нээлттэй ил тод болгоно. Сүүлийн 10 жил манай эдийн засагт орж ирсэн мөнгө хаашаа явсан бэ. Зарим хүний мэдээлж байгаагаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах буюу сонгуульд зарцуулагдсан байх магадлалтай. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад асуулга тавина. Зөвхөн оффтэйк гэрээтэй холбоотой асуудлаар нээлттэй хуралдаан зохион байгуулах шаардлага хүргүүлнэ. Үүнээс үр дүн гарахгүй бол бүх төрлийн улс төрийн түвшний тэмцэнэ" гэлээ. "төрийн тэргүүн хүртэлх албан тушаалтнуудад итгэл үзүүлэх эсэх, огцруулах асуудлыг өргөн барьж, хэлэлцүүлнэ" Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Үргэлжлүүлэн Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "Авлигын эмгэнэлт драмын жүжгийн ээлжит анги гарч байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлээд 110 сая ам.долларын асуудлыг эзэн биетэй, цаг хугацаатай, унаа машинтай нь олон нийтийн сүлжээгээр мэдээлж байна. Төрийн тэргүүний холбогдсон энэ асуудалд илт зөрүүтэй тайлбар өгч байна. Нэг сарын өмнө тансаг орд харшийн тухай ярьж байсан. Хууль хүчний байгууллага гарч ирээд хөрөнгө орлого нь хуульд нийцэж байна гэж тайлбарладаг тогтолцоотой орон болчихлоо. 110 сая ам.долларын 22 сая ам.долларыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргад өгсөн гэж байна. Энэ мөнгийг сонгуульд зарцуулсан байж магадгүй мэдээллийг өгсөн. Шат шатны сонгуулийг өнөөгийн эрх баригчид хууль бусаар авсан гэдгээ бараг хүлээн зөвшөөрлөө. 2016 оноос хойш тоолбол УИХ-ын хоёр, орон нутгийн хоёр, нэг удаагийн ерөнхийлөгчийн сонгууль хууль бусаар авсан гэдгээ ярилаа. Үүнийг шалгадаг хуулийн байгууллага хаана байна вэ. Тэгэхээр авлига хээл хахуульд нэр холбогдсон албан тушаалтнууд бүгд огцорч, ажлаа өгөөд шалгуулах ёстой. Энэ хүмүүс ажилтайгаа байхад хуулийн байгууллага хууль ёсных л гэж хэлнэ. Эдгээр асуудлыг биелүүлэхгүй бол Ардчилсан намын зүгээс төрийн тэргүүн хүртэлх албан тушаалтнуудад итгэл үзүүлэх эсэх, огцруулах асуудлыг өргөн барьж, хэлэлцүүлнэ. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Ардчилсан нам ард түмэнтэйгээ гудамжинд гарч тэмцэнэ" хэмээн нэмж ярилаа.
