Depository of News

"Арилжааны бус "амьд" уран бүтээл хийсэн учраас өнөөдрийг хүртэл түүний дуунууд бидний сэтгэлд эгшиглэсээр байна"

ikon.mn · world

“Халамцуу салхи”, “Дурлал юу хүснэ вэ?”, “Зочин” зэрэг алдартай уран бүтээлүүдээрээ хэдийнээ танил болсон продюсер, ая зохиогч Ганбаатарын Ганхуяг буюу Гангын хүндэтгэлийн тоглолт энэ сарын 20-ны Баасан гарагт M Bank Arena-д болох гэж байна. Талийгаач “Madness” хамтлагийн анхны соло гитарчин, олон дуу, киноны хөгжмийг бүтээсэн уран бүтээлч юм. Тоглолтын ерөнхий зохион байгуулагч нь "Бага тойрог лэйбл"-аас өнөөдөр хэвлэлийн бага хурлыг Хүүхдийн 100-д байрлах Khan Theatre-т зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд "Бага тойрог Лэйбл"-ийн ерөнхий продюсер Ц.Тэгшбаяр, найруулагч Б.Болдбаатар, дуучин Daisy, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр болон бусад төлөөллүүд оролцсон юм. Тоглолтын хөтлөгчөөр хөгжмийн зохиолч, продюсер, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Б.Наранзун ажиллах юм. Тэрбээр тоглолтын талаар "Бид өнгөрсөн жил энэ тоглолтыг хийхээр төлөвлөсөн ч тохироо нь бүрдээгүй. Харин "Бага Тойрог Лэйбл"-ийн залуучууд маань Монголын олон сайхан уран бүтээлчид, тэр дундаа амьд хөгжмөөр дагнасан залуучуудын ур чадварыг олон нийтэд хүргэх ажил хийж байгаа нь талархууштай. Сүүлийн үед арилжааны тоглолтууд их болж байгаа. Урлаг бол зөвхөн цагаан сар, март, шинэ жилээр л хэрэглэгдэх зүйл биш. Хүний дотоод ертөнц, гоо сайхны мэдрэмж, амьдралыг хөглөх нь урлагийн нийгэмд үзүүлдэг шинж гэж үздэг. Энэ нь сүүлийн үед багассан юм шиг надад санагдах болсон юм. Gang бол хэзээ ч хэн нэгэнд зориулж уран бүтээл хийж байгаагүй. Хийсэн уран бүтээлүүд нь "амьд" учраас цаг хугацааг туулсан ч өнөөг хүртэл эгшиглэсээр байна. Хэдийгээр найз маань бидний дунд өнөөдөр байхгүй ч гэсэн уран бүтээл нь "амьд" байгаа учраас энэ аяллыг нь үлдсэн бид үргэлжлүүлэх ёстой юм байна гэж бодсон юм. Монголд урлагийг амьд байлгаж, үргэлж усалж байх үүргийг бид хүлээсэн учраас энэ тоглолтод оролцох бүх уран бүтээлчид яг ийм халуун сэтгэлээр нэгдэж оролцож байна. Би найздаа зориулж нэг дуу хийсэн юм. Би амьдралдаа хоёр хүнд л дуу зохиосон байдаг. Эхнийх нь миний шүтдэг дуучин Виктор Цойгийн гэгээн дурсгалд зориулж байсан бол дараа нь найзыгаа биднийг орхисны дараа зориулж дуу бүтээсэн. Энэ дуугаа өнөөдрийг хүртэл хадгалж байгаад тоглолтын төгсгөлд дуугаа дуулна" гэв. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Тоглолтын талаар найруулагч Б.Болдбаатар "Манай "Бага Тойрог Лэйбл" анхнаасаа Монгол уран бүтээлчдийнхээ бүтээлийг дэмжих зорилгоор байгуулагдсан. Энэ удаагийн тоглолт гурван хэсэгтэй. Тоглолтод нийт 20 гаруй уран бүтээлчид дуулах юм" гэлээ.

Read full article →