Depository of News

КЕЙС: Хүүхэд хамгааллын мэргэжилтэн нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн охинд "эндээс гараад гэдсээ чирээд ирэх вий" гэж хэлж байсан

ikon.mn · world

Сэтгэцийн гэмтэлд суурилсан жендэрийн мэдрэмжтэй үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн судалгааны үр дүнг танилцуулав. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч, даван туулагч хүүхдүү дэд үзүүлж буй үйлчилгээний жишээн дээр энэхүү судалгааг МУИС-ийн Жендэр судлалын төвийн магистр, судлаач Ц.Баасаннямбуу боловсруулсан байна. Нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүрэг болон Сэлэнгэ аймагт сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтнүүдээс судалгааг авчээ. Дээр дурдсан гурван бүс нутагт бэлгийн хүчирхийллийн хохирогч, даван туулагч хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлж байгаа 96 мэргэжилтэн болон 77 хохирогчоос асуулгын аргаар судалгааг авчээ. МУИС-ийн Ёс зүйн хорооны зөвшөөрлийн дагуу энэхүү судалгааг хийж гүйцэтгэсэн байна. Бэлгийн хүчирхийллийн хор уршиг нь тухайн хохирогч, даван туулагч хүүхдийн амьдралынх нь насан туршид нийгмийн харилцаа, сэтгэл зүй, оюун санаанд нь нөлөөлсөөр байдаг сөрөг үр дагавартай. Иймд хүчирхийллийн хохирогч, даван туулагч хүүхдүүдэд сэтгэцийн гэмтэлд суурилсан жендэрийн мэдрэмжтэй үйлчилгээг үзүүлэх шаардлагатай байдаг. Монгол Улсад бэлгийн хүчирхийллийн хохирогч, даван туулагчид үйлчилгээ үзүүлж байгаа мэргэжилтнүүдийн чадвар ямар түвшинд байна вэ? Тусламж үйлчилгээ үзүүлэхдээ жендэрийн мэдрэмжтэй ханддаг уу? гэдгийг үнэлсэн судалгаа хомс байсныг судлаач Ц.Баасаннямбуу хэлж байлаа. Судалгааг сайн дурын үндсэнд зохион байгуулсан. Судалгааны явцад тухайн оролцогч ярилцлагыг дуусгах, эсвэл аливаа асуултад хариулахаас татгалзах эрхтэй байсан, зөвшөөрлийн хуудсыг авсан. Судалгаанд оролцогчдын өгсөн хариултын 96.1 хувь нь бүрэн дүүрэн. Насны ангиллаар 20-29 насны оролцогчид ихэнх хувийг эзэлж байгаа. "Дахиад наадах чинь хамгаалах байрнаасаа гараад гэдсээ чирээд ирэх вий" гэдэг зүйлсийг хүртэл хэлж байсан тохиолдол гарсан Гүнзгийрүүлсэн ярилцлага дээр хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байгаа мэргэжилтнүүд дийлэнхдээ ахимаг насны эсвэл багш мэргэжилтэй ажиллаж байгаад тэтгэвэрт гараад ороод ирсэн хүмүүс байна. Тэд үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлага, хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог зэрэг зарчмаа мэдэхгүй учраас тусламж үйлчилгээ үзүүлж чадахгүй байна. Тусламж үзүүлэхээс илүүтэй хохирогч хүүхдийг буруутгаж, "дахиад наадах чинь хамгаалах байрнаасаа гараад гэдсээ чирээд ирэх вий" гэдэг зүйлсийг хүртэл хэлж байсан тохиолдол гарсан. Ахимаг насны эсвэл олон жил энэ мэргэжлээрээ ажилласан бол сайн үйлчилгээ үзүүлнэ гэдэг нь зөрүүтэй ойлголт Гол үр дүн: Судалгаанд оролцогчдын нас болон үйлчилгээний түвшнийг үнэлсэн байдлыг харвал мэргэжилтнүүдийн нас болон үйлчилгээний шалгуур үзүүлэлт хоорондоо хамааралтай харагдаж байгаа. Мэргэжилтнүүдийн нас ахих тусам сэтгэцийн гэмтэлд суурилсан жендэрийн мэдрэмжтэй үйлчилгээг үнэлж байгаа байдал нь буурсан. Бид нарын нийтээрээ ярьдагчлан ахимаг насны эсвэл олон жил энэ мэргэжлээрээ ажилласан бол сайн үйлчилгээ үзүүлдэг гэдэг нь зөрүүтэй ойлголт болж харагдаж байна. Хүүхдүүд хамгаалах байранд ирээд хоригдож байгаа юм шиг мэдрэмж авдаг гэжээ Сэлэнгэ аймагт: Байршил болон үйлчилгээний орчныг үнэлсэн байдлыг харвал мэргэжилтнүүд өөрсдийнхөө үйлчилгээний орчин, тав тухтай байдлыг сайн. Гэхдээ тодорхой хэмжээнд сайжруулах шаардлагатай буюу 3.03 дундаж оноог өгсөн байна. Гэвч гүнзгийрүүлсэн ярилцлагаар үнэлж үзэхэд хохирогчдод үйлчилгээ үзүүлж байгаа орчин нөхцөл хангалтгүй. Хүүхдүүд энд ирээд хоригдож байгаа юм шиг мэдрэмж аваад байна. Нэгэнт хүчирхийлэлтэй орчноос ирээд хамгаалах байранд очихоор хамгаалах байрны орчин нөхцөл, тав тух зэрэг нь хангалтгүй байсан гэжээ. "Би эндээс гармаар байна", "Надад хэцүү байна" гэх мэтчилэн зүйлсийг хэлдэг. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд орчны хүртээмж маш хангалтгүй. Хохирогч, даван туулагчийн кейс: Сэтгэцийн гэмтэлд суурилсан жендэрийн мэдрэмжтэй арга зүйгээр ажилласан уу, үгүй юу гэдгийг зөвхөн нэг хохирогч даван туулагчийн кейсээс харж болно. 2018 онд нагац ахынхаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Тухайн үед сэтгэцийн гэмтэлд суурилсан жендэрийн мэдрэмжтэй үйлчилгээ үзүүлээгүй. Түүний дараа 2019 онд ээжийнхээ найзын зүгээс бэлгийн хүчирхийлэлд өртжээ. 2023 онд хойд эцэг, 2025 онд зүс таних хүний зүгээс дахин бэлгийн хүчирхийлэлд өртөж жирэмсэн болж, үр хөндүүлсэн тохиолдол байгаа. Энэ мөч болгонд сэтгэцийн гэмтэлд суурилсан жендэрийн мэдрэмжтэй үйлчилгээг үзүүлээгүй учраас эцсийн дүнд нь 2025 онд ийм нөхцөл байдалд орсон харамсалтай тохиолдол байна. Хороон дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн хувьд бөөнөөрөө нэг газарт суудаг учраас чанартай үйлчилгээ үзүүлж чаддаггүй. Үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байна Хугацаа оройтож арга зүйн дэмжлэг ирдэг учраас үйлчлүүлэгчдэд (хохирогчдод) тодорхойгүй байдал үүсгэдэг. "Ямар үйлчилгээ үзүүлэх гээд байгаа нь тодорхойгүй" нөхцөл байдлыг бий болгоод үйлчлүүлэгчийн сэтгэл зүйн байдлыг тогтворгүй болгодог. Гүнзгийрүүлсэн ярилцлагаар аюулгүй байдлыг зөвхөн бие махбодын аюулгүй байдал гэж ойлгож байна Гүнзгийрүүлсэн ярилцлагаар мэргэжилтнүүд "аюулгүй байдлыг хангах" гэдгийг янз бүрээр ойлгож байна. Нэг хэсэг хүүхдийг л аюулгүй байлгаад хүүхэд өөрийгөө гэмтээхгүй эсвэл хүүхэд мэргэжилтэн рүү дайрахгүй, орилохгүй байвал аюулгүй гэж ойлгоод байна. Нөгөө хэсэг нь мэргэжилтэн өөрийнхөө аюулгүй байдлыг хангачихвал энэ үйлчилгээний аюулгүй байдал гэж ойлгодог. Гэтэл сэтгэцийн гэмтэлд суурилсан жендэрийн мэдрэмжтэй үйлчилгээний арга зүйгээр аюулгүй байдал нь зөвхөн бие махбодын хувьд аюулгүй байдал биш юм. Сэтгэл санаа, оюун санааны хувьд аюулгүй байдлыг давхар хангаж байж цогцоороо хэрэгжинэ гэж үздэг. Гэтэл гүнзгийрүүлсэн ярилцлагаар аюулгүй байдлыг зөвхөн бие махбодын аюулгүй байдал гэж ойлгож байна. Дүгнэлт нь: Сэтгэцийн гэмтэл суурилсан жендэрийн мэдрэмжтэй үйлчилгээний хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай. Гэвч салбар хоорондын уялдаа холбоо сул байна. Хохирогч даван туулагч хүүхдүүд чанартай үйлчилгээ авч чаддаггүй. Мэргэжилтнүүдийг сэтгэцийн гэмтэлд суурилсан жендэрийн мэдрэмжтэй үйлчилгээний арга зүйгээр тогтмол хангахгүй байна гэсэн үндсэн дүгнэлт гарсан. Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийж, хохирогч, даван туулагчид үйлчилгээ үзүүлэх мэргэжилтнүүдийг чадавхжуулахдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүний онцлог, цаашид сэтгэцийн гэмтэлд суурилсан мэдрэмжтэй үйлчилгээний зарчмаар яаж үйлчилгээ үзүүлэх юм бэ гэдэгт анхаарч төвлөрөх шаардлага байгааг судлаач Ц.Баасаннямбуу хэлж байлаа.

Read full article →