Г.Галбаяр: Их зохиолч Д.Нацагдорж уран сайхны кинонд гардаг шиг архи хэтрүүлэн хэрэглэдэг хүн байгаагүй
Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тэрбээр 1906 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт “Мэлзэй” хэмээх газар мэндэлжээ. Манжийн эрхшээлээс салж, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараагаар монголчууд урлаг соёл, бичиг үсэг тэргүүтэй олон зүйлдээ туурга тусгаар улсын адилаар шинэчлэл хийж эхэлсэн билээ. Энэ шинэчлэл, өөрчлөлтөд Д.Нацагдорж чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Тийм хэдий ч их зохиолч амьдралын дардан замыг туулсангүй. Цагийн мананд өртөж, төөрч будлисан нь цөөнгүй ч 31-хэн наслахдаа хийсэн бүтээсэн нь чамгүй. Тэр дундаа туурвисан зохиол бүтээл нь уран сайхан, утга агуулгын хувьд гайхалтай. Их зохиолчийн мэндэлсний 120 жилийг ойг тохиолдуулан түүний намтар, уран бүтээлийн талаар МУИС-ийн профессор, хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Г.Галбаяртай ярилцлаа. - Уншигчдад хэрэгтэй, сонирхолтой байж магадгүй учраас юуны өмнө та судлаачийн хувьд Д.Нацагдорж гуайн намтар, уран бүтээлийг товч тоймлон өгүүлээч. - Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Нацагдорж хуучны нэршлээр бол Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, одоогийн засаг захиргааны хувиар, нэршлээр бол Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт Гүн галуутайн “Мэлзэй” хэмээх газар аргын тооллын 1906 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тайж Дашдоржийн гэр бүлд мэндэлсэн. Айлын ганц хүү. Тухайн үед тэдний гэр бүл ядуу зүдүү амьдарч байсан тул судлаачид аавыг нь “хохь тайж” Дашдорж гэж тодотгон бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тайж угсаатай ч тухайн үед ядуурсан хүнийг “хохь тайж” гэж нэрлэдэг байж. Дашдорж гуай өөрөө сайн бичиг үсэгтэй хүн байсан тул хүүдээ багаас нь ном эрдэм зааж, удалгүй Хүрээнд ирж Алтангэрэл гэдэг номтой багшид шавь оруулсан байдаг. Ээж Цоомойн Пагма нь бол хүүгээ долоон настай байхад нас барсан. Бага залуугаасаа ном эрдмийн мөр хөөсөн Д.Нацагдорж 1918 оны орчмоос төрд алба хашиж эхэлсэн түүхтэй. Тэрбээр эхлээд Цэргийн яаманд тал бичээч, бичээч, дараа нь 1921 оны Ардын хувьсгал ялсны дараа жанжин Д.Сүхбаатарын гарын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан байдаг. Улмаар 1922 оны наймдугаар сараас Намын төв хорооны нарийн бичгийн даргын туслах, Намын төв хорооны нарийн бичгийн дарга болж байжээ. Энэ цагаас нам хийгээд төрийн олон чухал албыг хашиж явсан түүхтэй. 1925-1926 онд ЗХУ-ын Ленинград хотноо Цэргийн улс төрийн академид, 1926-1929 онд Германы улсын Берлин, Лейпцигийн их сургуулийн дэргэдэх өөрийнх нь бичиж үлдээснээр бол “Хэл бичиг, сонин, сэтгүүл, дорно дахины ерөнхий сургууль”-д сурсан. Д.Нацагдорж Монгол хэл бичгээ сайн эзэмшсэн улмаар манж, хятад, орос, герман, англи хэлийг чамгүй өндөр түвшинд сурсан, сайн боловсролтой хүн байсан байна. Үүнийг онцлон дурдаж байгаагийн учир нь тийм хэцүү цагт өөрийгөө ингэж сайн хөгжүүлж, боловсруулсан байдлыг хараад өдгөө бид болоод хойч үеийн уншигч залуус үлгэр дуурайл аваасай гэсэн хэрэг. Уран бүтээлийн хувьд Д.Нацагдорж 1922 оны орчмоос “Цэнхэрлэн харагдах”, “Бүх олон …” хэмээн эхэлдэг хожим олонд нэрлэгдэж заншсанаар бол “Пионерийн дуу” тэргүүтэй шүлэг зохиол бичиж эхлээд одоогоор бидэнд мэдэгдэж байгаагаар бол 114 орчим шүлэг, 35 орчим богино өгүүллэг, “Хэлхээгүй сувд” тууж, “Учиртай гурван толгой”, “Би биш”, “Монгол ардын суут”, “Нуугдсан эрдэнэ”, “Ондоо хүмүүжил”, “Их авгай”, “Хагацал” гэсэн долоон жүжиг байна. А.С.Пушкин, Эдгар Алан По, Г.де.Мопассан, А.П.Чехов гэсэн дэлхийн сонгодог зохиолчдын зохиолоос цөөнгүйг орчуулсан түүхтэй. Мөн түүний бичсэн нийтлэл, захидал, өргөдөл гээд олон бичвэр бий. - Д.Нацагдорж гуайн уран бүтээлийн гол ололт, гавьяа гэвэл та юуг нэрлэх вэ? - Энэ их чухал асуудал байх аа. Д.Нацагдорж гуайн уран бүтээлийн гол ололт, гавьяаг олон зүйлээр тодорхойлж болно. Учир нь, их зохиолчийн бүтээлүүд сонгодог тул тэр хэмжээний л зүйлсийг ярих ёстой болно шүү дээ. Тухайлбал, нэгт шинэ цагийн монголын уран зохиолын хөгжлийн суурь, туурвил зүйн хэм хэмжээг тогтоож өгсөн. Хоёрт шинэ цагийн монгол утга зохиолын хэлний хэм хэмжээний жишгийг тогтоосон. Гуравт уншигчдыг, ер нь үе үеийн хүүхэд, залуусыг хүмүүжүүлэн төлөвшүүлж, соён гэгээрүүлсээр ирсэн. Дөрөвт монголчуудад эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг жинтэй мэдрүүлж, тэр бүхнийг хайрлан хамгаалах зам мөрийг зааж ирсэн. Тавд эрдэм ном сурах, зөв сайн хүмүүжил төлөвшилтэй иргэн байхын утга учрыг ойлгуулсан. Зургаад “Эрүүл биед саруул ухаан оршдог”-ийн үлгэрээр эрүүл байхын жаргал цэнгэлийг зөв ухааруулсан гээд олон зүйлийг хэлж болно. Энэ бүхнийг нэг бүрчлэн дэлгэрэнгүй тайлбарлаж болно доо. Дараагийн чухал зүйл бол Монгол хэлний хэм хэмжээг тогтооход онцгой гавьяатай хүн гэж би хардаг. Дийлэнх хүмүүс хэл шинжлэлийг зөвхөн судлаачдын хүрээнд судалгааны хэрэглэгдэхүүн мэтээр гэж ойлгоод байдаг. Хэл гэдэг зүйлийн цаана үндэстний сэтгэлгээ, соёл, хууль эрх зүйн салбарууд холбоотой. - Д.Нацагдорж гуайн уран бүтээлийн ололт, гавьяануудаас нэг юм уу хоёр зүйл дээр төвлөрч арай дэлгэрүүлэн тайлбарлаж өгнө үү. Тухайлбал, түүний уран бүтээлийн соён гэгээрүүлэх шинж чанар, монгол утга зохиолын хэлний хэм хэмжээг тогтоосон гэсэн зүйлүүд дээр жишээлэн ярьж болох уу? - Соён гэгээрүүлэх гэдэг их өргөн ойлголт. Миний дээр задалж өгүүлсэн зүйлс үнэн хэрэгтээ соён гэгээрүүлэх гэсэн энэ зүйлд бүгд том зургаараа багтана. Олон жил харийн эрхшээлд байж, эрүүл мэнд, эрдэм ухаан, соёл боловсролоороо соёлт хүн төрөлхтний жишгээс хоцорсон ард түмнээ эрүүлжүүлэхийн тулд уламжлалт шашин шүтлэг, түүний хүрээ хязгаараа оновчтой болгож, хий хоосон сүсэг бишрэл, итгэл үнэмшлээ өөрчлөн, асуудалд бодитой, шинжлэх ухаанчаар хандаж, шинэ цагийн эмч, эмнэлэгт хандаж, өвчин зовлонгоосоо салах, улмаар эрүүл болбол эрдэм ном сурч, дэлхийн соёл, боловсролоос суралцаж, соёлт хүн төрөлхтний сурдаг, мэддэг зүйлийг сурч байж, тэдэнтэй хөл нийлүүлэн алхах, улмаар улс орныхоо жинхэнэ ухамсарт эзэн нь болж, нийгмээ хөгжүүлэн цэцэглүүлэхийн утга учрыг ихэнх бүтээлдээ уран яруу өгүүлсэн. Тэрхүү уран яруу дүрслэлээр дамжуулан уншигчдыг эрүүл энх, эрдэм боловсрол, шинжлэх ухааны ололт амжилт, нийгмийн хөгжил дэвшилд уриалан дуудаж чадсан. Энэ бүхэн нь түүний зохиол бүтээлийг уншсан хэн бүхний итгэл үнэмшил, ухаан бодлыг өөрчлөн, эрүүл байх, эрдэм ном сурах, хийх бүтээхийн ухаанд урин дууддаг аж. Энэ бол түүний уран бүтээлийн соён гэгээрүүлэх наад захын жишээ, үлгэр дуурайл болно. Түүний зохиол бүтээлүүд шинэ цагийн монголын утга зохиолын хэлний хэм хэмжээг тогтоосны хувьд цөөн буюу гуравхан жишээ авч товч тайлбарлая. Нэг, түүний “Хуучин хүү” өгүүллэг “Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо бусгаа. Элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглах бөгөөд дөрвөн зүг цэв цэлийн, уйтгартай цагаан униар тунамой.” гэж эхэлж байна. Энд “Хөдөөгийн байдал шалдар булдар”-“цагийн улирал ороо бусгаа”, “Элстэй шанд”-“ буттай цайдам” гэсэн тусгаар тусгаар зүйлсийг хөдөлгөөнт нөхцөлд эсрэгцүүлэн зэрэгцүүлж оруулаад араас нь тэдгээр зураглалаа тайлбарлан өгүүлсэн байна. Хоёрт, “Цагаан сар ба хар нулимс” өгүүллэгт, “Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ. … Тэдний идэх уух, инээлдэх баясалдах нь гэр хагармаар.” гэсэн эсрэгцүүлэн зэрэгцүүлсэн өгүүлбэрүүдэд “таргалсан-турсан, идэх-уух, инээлдэх-баясалдах” гэсэн үгсийг өгүүлбэрийн утгад нийцүүлэн оновчтой найруулан оруулсан, улмаар тэдгээр үгсийн зохицлыг зохиолын утгын гүнзгийрэл, үйл явдлын өрнөлд нийцүүлэн найруулгын хэм хэмжээг үүсгэсэн байна. Гуравт, “Дөрвөн цаг”, “Миний нутаг”, “Миний ээж”, “Одон” зэрэг шүлгүүдэд найрагч мэдэрсэн зүйлээ дүрслэн илэрхийлэхдээ хөдөлгөөнт зураглал үүсгэж, уран найруулгын болоод уран дүрслэлийн аргуудыг төгс хослуулан шүлэглэж чадсан. Энэ мэтээр монгол хэлээр зөв ойлгомжтой ярьж, бичих найруулгын хэм хэмжээ буюу дэгийг Д.Нацагдорж өөрийн зохиолуудаараа оновчтой тогтоож чадсан байдаг. - Уншигчдад тэр дундаа залуучуудад Д.Нацагдоржийн ямар ямар зохиолыг заавал унших хэрэгтэй гэж зөвлөх вэ? - Д.Нацагдорж уран зохиолын үндсэн гурван төрөл зүйл болох яруу найраг, хүүрнэл зохиол, жүжгийн зохиолын төрлөөр жигдхэн бичсэн гэдгийг дээр өгүүлсэн. Тэдгээр бүтээлүүдээс яруу найргийн хувьд, “Цэнхэрлэн харагдах”, “Алс газар сураар явагч”, “Бидний сурагчид”, “Миний нутаг”, “Дөрвөн цаг”, “Миний ээж”, “Одон”, “Нар аа”, “Сар аа”, “Нууц янаг”, “Янаг”, “Идэр хоёр”, “Миний хэнз хурга”, “Эзгүй хээр”, “Сэхээтэн”, “Монголын үрс маш олон болтугай”, “Өр үгүй бол баян, өвчин үгүй бол жаргалан” зэрэг бүтээлүүдийг унших хэрэгтэй. Харин хүүрнэл зохиолын хувьд, “Харанхуй хад”, “Хөдөө талын үзэсгэлэн”, “Шувуун саарал”, “Ламбугайн нулимс”, “Хуучин хүү”, “Үзэгдээгүй юм”, “Соёлыг гайхав”, “Цагаан сар ба хар нулимс”, “Өвлийн шөнө”, “Хэлхээгүй сувд” зэрэг бүтээлүүд бий. Жүжгийн зохиолын хувьд, “Учиртай гурван толгой”, “Би биш”, “Нуугдсан эрдэнэ” зэрэг бүтээлүүдийг нь нэн тэргүүнээ уншвал зүгээр байх. Дээрх нь түүний орчуулсан дэлхийн сонгодог бүтээлүүд, түүний нийтлэл өгүүлэл, захидал өргөдөл, зохиогчийн сан хөмрөгтэй холбоотой олон сонирхолтой баримтууд бий дээ. - Их зохиолч гэдэг нэр хүндтэй алдрыг ямар үндэслэлээр Д.Нацагдорж гуайд хамаатуулдаг юм бэ. Түүний зохиол бүтээлүүдийг дэлхийн сонгодог уран зохиолтой холбож ойлгох боломжтой юу. Өөрөөр хэлбэл, түүний уран бүтээлүүд сонгодог хэмээх томьёололд хэр дөхөж очих вэ? Цагийн шалгуурыг баттай давах уу? - Д.Нацагдорж гуай 1920 оны эхнээс зохиол бүтээл бичиж эхэлсэн түүхтэй. Одоо байгаа баримтаар бол түүний “Цэнхэрлэн харагдах” зохиол нь 1923 онд бичигдсэн гэдэг мэдээлэл байгаа нь хамгийн анхны бүтээл нь гэж тооцогддог. Гэхдээ энэ бүтээлийг “Ушаандар” жүжгийн дунд оруулж бичсэн ба уг жүжгийг 1921 онд тоглож байсан гэдэг мэдээ үлдсэн. Түүний “Бүх олон ...” буюу “Пионерийн дуу” шүлэг нь 1926 онд “Пионер багачуудын мөрдөх дэвтэр” номонд хэвлэгдсэн нь хамгийн анхны хэвлэгдсэн бүтээл нь юм. Анхны түүвэр зохиол нь 1935 онд “Эрүүл энхийн төлөө тэмцэх явдал ард бүхний үүрэг” гэсэн нэртэйгээр хэвлэгдсэн. Энэ бүхэн бол түүний уран бүтээл бичигдсэн цагаасаа эхлэн олны хүртээл болж, судлагдаж эхэлсэн гэдгийг харуулж байна. Уран сайхны сэтгэлгээ, утга агуулга төгөлдөр бүтээлүүдээрээ шинэ цагийн монголын уран зохиолыг үндэслэлцэж, энэ үеийн уран зохиолын туурвил зүйг шинэчилсэн зэрэг олон зүйлд үндэслэж, өөрийг нь сэрүүн тунгалаг ахуйд уншигч олон түмэн их зохиолч хэмээн өргөмжилсөн байдаг. Энэ өргөмжлөл оновчтой, зөв байсан гэдгийг цаг хугацаа баталсан гэж хэлж болно. Цагийн шалгуур давж, үе үеийн уншигч олны оюуны хэрэгцээ шаардлагыг хангадаг зохиол бүтээлүүдэд тавигддаг онолын шалгуурууд бий. Тэр шалгууруудыг Д.Нацагдорж гуайн бүтээлүүд бүрэн дүүрэн хангадаг гэж үздэг. Ийм учраас түүний бүтээлүүд цаг хугацаа, уншигч түмний оюуны эрэлт, шалгуур шаардлагыг бүрэн хангаж, хүн төрөлхтний сонгодог гэж томьёолдог уран зохиолын сан хөмрөг, эрэмбэд бүрэн дүүрэн багтана л гэж хэлэх байна. - Их зохиолч Д.Нацагдоржийн амьдралд эхнэр Д.Пагмадулам гэж хүн ямар байр суурьтай үлдсэн бэ? Д.Пагмадулам гуайн амьдралын тухай та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? - Их зохиолч Д.Нацагдоржийн анхны эхнэр Пагмадулам бол Амгаланбаатар хотод 1905 юм уу, 1906 онд төрсөн хүн. Аав Дамдин нь тайж угсаатай, тухайн үедээ хөрөнгө бэл зузаан, нэр төртэй хүн байсан гэдэг. Охиндоо багаас нь монгол хэл бичиг, улмаар манж, хятад хэл бичиг заан сургасан гэж түүхнээ бичигдэж үлдсэн. 1920 хэдэн оны үеийн Хүрээний гоё ганган, боловсрол мэдлэгтэй сайн, сайхан хүүхнүүдийн тоонд тооцогдож явсан нэгэн. 1922 оны орчим Д.Нацагдоржтой танилцаж, 1924 оны орчим гэр бүл болсон. Улмаар Д.Нацагдоржтой Орос, Герман улсуудад хамт явж суралцсан. Энэ үеийн түүний тухай академич Б.Ринчен гуай 1966 онд бичсэн “Боржигон Дашдоржийн Нацагдорж” дурсамждаа Пагмадулам гуайг олон хэл мэддэг, соёл боловсролтой, хүнлэг сайхан эмэгтэй байсан гэж тодоор дурсан бичиж үлдээсэн. Д.Нацагдорж Д.Пагмадулам нар 1929 онд Германаас буцаж ирснийхээ дараа салцгаасан ч хожим холбоотой байж, бие биедээ тустай дэмтэй явсан гэж судлаачид судлан тогтоож үлдээсэн байдаг. Түүнийг 1938 оны орчим нас барсан гэж үздэг. Д.Пагмадулам гэж эмэгтэй их зохиолч Д.Нацагдоржид үлгэр дуурайл болж, түүнийг сайн зүйлд уриалан амьдарч байсан нь баримтаар тодорхой үлдсэн. Д.Пагмадулам гуай шинэ цагийн монголын эмэгтэйчүүдийн эрх чөлөө, эрдэм боловсрол, соёл хүмүүжлийн төлөө санал, санаачилга гаргаж, тууштай тэмцэж явсан сэхээтэн. Энэ эмэгтэй түүхэнд янз бүрээр л бичигдэж үлдсэн. Саяхан “Хамба” фильм студээс “Пагмадулам” гэж уран сайхны кино хийсэн байсан. Энэ кино даанч харамсам түүхийг гуйвуулсан. Тус киног гарсны дараа театрт зорьж очиж үзээд үнэнхүү урам хугарсан. Ямар зорилгоор тэр киног хийснийг ч ойлгоогүй. Харин нэлээд хэдэн жилийн өмнө МУИС-ийг монгол судлалын мэргэжлээр төгссөн Г.Ням-Очир, Б.Бадрал нар зохиолыг нь бичиж, Б.Бадралын өөрийнх нь найруулан хийсэн “Бүрхэг шөнийн тэргэл саран” гэж баримтат-уран сайхны кино бий. Энэ кино бол харин шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан хийсэн сонирхолтой бүтээл. Д.Пагмадулам гэж хүний тухай энэ бүтээлээс олныг мэдэж болох байх аа. - Д.Нацагдорж гуай сүүлд орос эхнэр авсан гэдэг. Тэр хоёрын дундаас хүүхэд ч төрсөн гэж уншиж байсан. Та тэр хүүхдийн талаар юу мэдэх вэ? - Их зохиолч Д.Нацагдорж Нина Николаевна Чистякова гэж орос эмэгтэйтэй 1932 оны орчим танилцаж, удалгүй гэр бүл болоод 1934 онд охин төрүүлсэн байдаг. Охиндоо Д.Нацагдорж Энэтхэгийн гүнжийн нэр болох Ананда Шири гэсэн нэр өгсөн түүхтэй юм билээ. Нина Николаевна Чистякова гэж эмэгтэй анх О.Намнандорж гуайтай сууж 1931 онд Ленинградаас Монголд ирсэн байдаг. Тэд 1932 оны эхээр салсан бололтой. Энэ эмэгтэй 1936 онд Д.Нацагдорж гуайгаас салж, нутаг буцсан байдаг. Сүүлд Д.Нацагдорж судлаач Д.Цэдэв багш, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гуай нар 1984 оны 12 сарын 13-нд Эстоны нийслэл Таллиндад Нина Николаевна Чистяковаг амьдарч байхад нь очиж ярилцсан. Тэр ярилцлагад Монголчуудын талаар тийм сайнаар яриагүй тухай Д.Цэдэв багш өөрийн судалгаандаа бичиж үлдээсэн. Тэр 1936 онд Монголоос буцаж явах замдаа бяцхан охинтойгоо шинэ жилийг угтсан тухай гунигтай зүйл ярьсан байдаг даа. Д.Нацагдорж гуайн охин Ананда Шири хожим өөрийгөө монголын их зохиолчийн охин гэдгээ мэдээд Монголд хэд хэдэн удаа ирж байгаад, 1991 онд нэг мөсөн Монгол Улсын иргэн болсон ч жил гаруйн дараа нас барсан. Д.Нацагдоржийн охин Ананда Ширитэй Л.Түдэв гуайн ярилцсан “Суут Нацагдоржийн охинтой үүлэн цаана найман цаг ярилцав” (1966) гэсэн сонирхолтой ярилцлага, эрдэмтэн зохиолч Л.Дашням гуайн “Хонгорхон хүмүүс” (1997), Д.Нацагдорж судлаач Л.Балдан гуайн “Хувь заяаны эрхээр хагацсан бүсгүйчүүд” (2006) гэсэн номуудад хангалттай мэдээ, мэдээллүүд үлдсэн байгаа. - Д.Нацагдоржийн амьдралын сүүлийн он жилүүд хэрхэн өнгөрсөн бэ? - Д.Нацагдорж гуайн амьдралын сүүлийн он жилүүдийн талаар бичихдээ, ярихдаа Д.Нацагдорж гуайг бор дарс жаахан хэрэглэдэг, энэ тэр гээд сүүлийн үед л яриад, бичээд байдаг болж. Санаатай, санамсаргүйг нь мэдэхгүй юм. Хааяа нэг, тэр дундаа улс төр, үзэл суртлын хатуу хавчлага, мөрдлөг зэргээс үүдээд юм уу, эсвэл найз нөхөдтэйгөө наргиж дарвиад бага зэрэг хүртдэг байсан байж болох л юм. Түүнээс зарим нөхдийн ярьж, бичдэг шиг юм уу, дээр өгүүлсэн “Пагмадулам” гэх уран сайхны кинонд гардаг шиг архи хэтрүүлэн хэрэглэдэг хүн байгаагүй юм билээ. Энэ бүхэн нь судалгаагаар батлагддаг. Судлаачид 1936 онд тэр үеийн Судар бичгийн хүрээлэнгийн Дуун ухааны тасгийн эрхлэгч байсан гэдгийг баримтаар нотолсон. Архи уугаад байдаг хүн тэр хариуцлагатай албыг хашихгүй нь ойлгомжтой. Мөн 1936 онд бичсэн “Үйлдвэрчний эвлэлийн гишүүн Д.Нацагдоржийн анкет” гэсэн анкетад “Шинжлэх ухааны хүрээлэнд ажилтай” гэж бичсэн байгаа. Тэр анкетад бүр өдрийн ажил зургаан цаг, өдөрт 10 төгрөг олдог гэж бичсэн байдаг. Хариуцлагатай ийм ажил хийдэг хүн уугаад байхгүй л байх. Түүгээр ч барахгүй 1937 оны дөрөвдүгээр сард цалингаа урьдчилан олгож өгөхийг хүссэн өргөдөл гаргаж байсан нь тодорхой үлдсэн. Энэ бүхнээс харахад тэр архи дарс уугаад, хэсээд тэнээд явсан биш ертөнцийн мөнх бусыг үзүүлтлээ албан ажлаа хийж явсан байна. Хилс хэргээр 1932, 1936 онуудад хэцүү нэртэй газар орж, түүнээсээ үүдэн сэтгэл санаагаар унасан, итгэл сэтгэл нь алдарч байсан зүйл байсан байж болох. Гэхдээ ажил албаа хийж, уран бүтээлээ тасралтгүй туурвисаар байсан байдаг. 1937 онд харин өмнөх жилүүдтэй нь харьцуулахад цөөн бүтээл туурвиж үлдээсэн. Эцэст нь дахин хэлэхэд, Д.Нацагдорж гуай бол асуудлыг том зургаар нь харж, үнэхээр гайхамшигтай уран сайхан, утга агуулга төгөлдөр бүтээлүүд туурвиж үлдээсэн их зохиолч байв. Түүний зохиол бүтээлүүд үе, үеийн монгол түмнийг соён гэгээрүүлж, сурган хүмүүжүүлсээр л байна. Цаашид ч их зохиолч Д.Нацагдоржийн бүтээл туурвил цагийн эрхээр улам тодорч, монгол түмнээ төдийгүй дэлхий дахинаа түгэн алдарших биз ээ. - Д.Нацагдорж гуайн уран бүтээлийг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт хэр оруулж ирсэн байдаг вэ. Өнөөдөр Ерөнхий боловсролын сургуульд түүний бүтээлийг олон цагаар заадаг уу? Судлаач хүний хувьд та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ? - Д.Нацагдорж гуайн зохиол бүтээлийг зохиогдсон цагаас нь л ерөнхий боловсролын сургуулийн Уран зохиолын хичээлийн хөтөлбөрт оруулж байсан байдаг. Тухайлбал, 1937 онд Нанзад гэж хүний бичсэн “Бага сургуулийн гуравдугаар ангид унших бичиг”, Х.Далхжав гэж хүний бичсэн “Дунд сургуулийн гурав ба дөрөвдүгээр ангид үзэх утга зохиолын бичиг” гэсэн сурах бичгүүдэд их зохиолчийн “Миний нутаг”, “Дөрвөн цаг”, “Алс газар сураар явагч”, “Октябрь” зэрэг шүлгүүд, “Өвлийн шөнө” зэрэг өгүүллэгүүдийг нь бүрэн эхээр нь хэвлүүлэн оруулсан байдаг. Энэ цагаас хойш 1990-ээд он хүртэл түүний зохиол бүтээлүүдийг системтэйгээр хангалттай оруулж ирсэн байсан юм билээ. Тийм учраас Д.Нацагдоржийн бүтээлүүд үе, үеийн монголын хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлж, соён гэгээрүүлж ирсэн гэж хэлэх үндэслэл бүрдсэн байдаг. Харин 1990-ээд оноос хойш ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг шинэчлэх болгонд л түүний уран бүтээлийг оруулах нь багассаар ирсэн нь тодорхой харагддаг. Ерөөс сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн уран зохиолын цаг өм цөм л хасагдсан юм билээ. Энэ хаанахын, хэн гэгчийн далд санаа, хорон бодлого болохыг таашгүй. Эх орон, иргэн хүний хөгжил, нийгмийн төлөвшил зэргийг боддог улс оронд бол уран зохиолын хичээлийн цагийг тогтвортой, чанарыг өндөр түвшинд л авч үздэг юм билээ. Манай зарим их мэдэгчид дэлхийн хөгжингүй орнуудад “Уран зохиол” гэсэн тусгай хичээл ордоггүй энэ, тэр гээл цэцэрхсэн ч гэх үү, мэдэн будлисан ч гэх үү “хорон” зүйл ярьж бичсэн л харагддаг. Тийм биш л дээ, тэдний жишээ аваад цэцэрхээд байдаг Япон, Солонгос зэрэг улсуудын ерөнхий боловсролын сургуульд “Эх хэл” гэх юм уу “Төрөлх хэл” гэсэн хичээл хангалттай олон цагаар ордог, тэрхүү “Эх хэл” хичээлийн төлөвлөгөө, сурах бичгийг нь аваад үзэхээр тэр чигтээ л уран зохиолын хичээл ордог юм билээ. Угаас ямар ч улс ирээдүйн иргэнээ Уран зохиолын хичээлээр дамжуулан бэлтгэнэ шүү дээ. Уран зохиолын хичээлийг хаагаад, боогоод байгаа, уран зохиол гэхээр үстэй толгой нь босоод байдаг нөхдийг ажиглахаар нэг бол,энэ улс орны эсрэг юм шиг ажилладаг. Эсвэл юм уншдаггүй боловсрол нимгэн, цээжний пангаар, том дуугаар амьдрагчид л харагдаад байх шиг байдаг юм. "Уран зохиолын цагийг ягуу ягуухан шат шатанд нь багасгасан үзэгдэл бол Монгол үндэстний эсрэг хийж буй гэмт хэрэг гэж би хардаг" Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав - Уран зохиолын хичээлийн цагийг ерөнхий боловсролын сургуульд бага зэрэг хассан нь үнэн зүйл. Би ч бас уран зохиолын хичээлийн цагийг ерөнхий боловсролын сургуульд хассан үеийн бүтээгдэхүүн л дээ. Бодит байдал дээрээ ерөнхий боловсролын сургуульд уран зохиолын хичээлийн цагийг багасгасан төдийгүй сургалтын чанар муудсан гэх юм. Та энэ тал дээр ажигласан зүйл байдаг уу? - Уран зохиолын сургалтыг хумьж байгаа асуудлыг хувь судлаачийн зүгээс эмзэглэж хүлээн авдаг. Монгол хүнээс гарахын аргагүй үзэгдэл. Уран зохиолын цагийг ягуу ягуухан шат шатанд нь багасгасан үзэгдэл бол Монгол үндэстний эсрэг хийж буй гэмт хэрэг гэж би хардаг. Хүүхдийн хүмүүжил төлөвшил, гэгээрлийг системтэй өгдөг зүйл бол уран зохиолын хичээл, уран зохиолын сургалт. Нэг жишээ хэлэхэд, хэдэн жилийн өмнө Москвагийн нэг сургуулийн хүүхэд сургууль дээрээ галт зэвсэгтэй ирээд ангийнхаа багш хийгээд хэдэн сурагчийг буудсан байдаг. Энэ гэмт хэрэг гарсны маргааш ОХУ-ын Ерөнхийлөгч ЕБС-д үзэх уран зохиолын хичээлийн цагийг нэмэх тухай зарлиг гаргасан. Энэ мэтээс бид сургамж авах л ёстой. Ер нь хатуухан хэлэхэд, ЕБС-д уран зохиолын хичээлийн цагийг хассанаар зөв хүмүүжилтэй, сайн иргэн төлөвших эрхийг хасаад байгаа зүйл ч байж магадгүй. Чи уран зохиолын хичээлийн цаг багассан төдийгүй сургалтын чанарын асуудлыг хөндлөө. Энэ бүр ноцтой асуудал болсон юм билээ. ЕБС-д уран зохиолын хичээл ороод түүнийг шалгах, урамшуулах, дэмжих хөшүүргийг үгүй хийчихсэн. Тодруулбал, “Монгол хэл бичиг”-ийн шат шатны уралдаан тэмцээнүүдэд уран зохиолын хичээлийн асуултын хувийг хасчихсан, түүгээр ч барахгүй элсэлтийн ерөнхий шалгалтад орох уран зохиолын хичээлийн эзлэх жинг бараг үгүй болгочихсон. Тийм болохоор багш нар ч энэ хичээлд ач холбогдол өгч заахгүй, хүүхдүүд ч тоодоггүй болсон мэт ажиглагддаг. Би буруу ажиглаж, буруу ярьж байж магадгүй. Тийм бол өршөөгөөрэй. Гэхдээ миний ярьсныг баримтаар шалгаад үзээрэй. Би энэ яриагаараа нэн тэргүүнээ шат шатны “Монгол хэл бичиг”-ийн олимпиад болоод элсэлтийн ерөнхий шалгалтад эзлэх уран зохиолын хичээлийн асуулт, даалгавруудыг нэмэх хэрэгтэй, улмаар ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт уран зохиолын хичээлийн цагийг нэмээсэй л гэж хэлэх байна. Тэр цагт шингээгээд Д.Нацагдорж гуайн бүтээлүүдийг тогтолцоотой ЕБС-д заах нь чухал юм. Нөгөө талаар ЕБС-ийн хичээлүүдийн хөтөлбөрийг цаанаас тогтоосон цагийн хүрээнд боловсруулдаг ч сурах бичгийг нь бичих тогтолцоо мафийн маягийн зүйл рүү шилжчихсэн. Миний сонссоноор бүх л хичээлийн сурах бичиг бичих тогтолцоо ийм болсон. Ер нь ЕБС-ийн уран зохиолын хичээлийн сүүлийн 20 орчим жилийн хугацааны сурах бичгийг аваад үзээрэй. Олон зүйл ажиглагдана. Өнгөрсөн хавар Монголын социал демократ эмэгтэйчүүдийн холбооноос нийслэлийн монгол хэл бичгийн 1,000 багшийн чуулганыг зохион байгуулахад би чиглүүлэгчээр нь ажилласан. Чуулганд оролцож буй багш нарын 50-60 хувь нь "уран зохиолын сурах бичгийг өөрчлөөч, цаг бага, сурах бичиг нь доголдолтой" гэдэг зүйлийг ярьж байсан. Энэ мэргэжлийн судлаач гэдэг утгаар чиглүүлэгчээр ажиллаж байгаа намайг "Та тэр сурах бичгийг уншиж үзсэн үү?, Таны хүүхэд уран зохиол үздэг үү?" гэж хүртэл загнасан. Тэдний хэлж, ярьж байгаа зүйл бодитой юм билээ. - Ярилцсанд баярлалаа.
