Гавьяат тамирчин Э.Цэндбаатар BoxRec-ийн чансаагаар жиндээ 5-д жагсаж эхэллээ
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнгөрсөн амралтын өдрөөр мэргэжлийн боксын ээлжит тулаанаа хийсэн билээ. Тэрбээр WBC холбооны АНУ-ын аваргын бүсний төлөө Тажикистаны боксчин Мухаммад Якубовтой тулалдсан юм. Техас мужийн Эль Пасо хотод болсон тулаан 10 үе үргэлжилсний эцэст шүүгчдийн нэгдсэн саналаар Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа байгуулав. Тулааны эхний үед манай тамирчин өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулсан бөгөөд улмаар тулааны санаачилгыг алдалгүй явсаар ялагдаагүй цувралаа үргэлжлүүллээ. Харин түүнд ялагдсан М.Якубов мэргэжлийн замналдаа 26 тулаан хийхдээ 23 ялж, хоёр удаа ялагдсан үзүүлэлттэй болов. Тэр 2025 оны наймдугаар сард Уильям Фостерыг буулган авч, WBC холбооны аваргын бүсийг эзэмшиж эхэлсэн юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Кристиан Чаконтой тулалдаад шүүгчдийн саналаар тэнцсэнээр бүсээ хадгалж үлдсэн. Э.Цэндбаатар ялалт байгуулснаар BoxRec сайтаас гаргадаг дэлхийн чансаанд жингийнхээ тавдугаарт бичигдэх боллоо. Түүний урд гурван холбооны бүсийг эзэмшиж буй АНУ-ын О'Шакүи Фостер, дэлхийн аварга асан Ирландын Антони Какаче, Мексикийн Эмануэль Наваррете, марокко гаралтай испани тулаанч Моусса Голам нар жагсаж байна. Харин тус сайтаас жин харгалзахгүй гаргадаг нийт боксчдын чансаагаар Э.Цэндбаатар 61-д бичигдэж байна.
