Нарны аймгийн гадна аялж буй NASA-гийн Voyager 1 хөлөг туулсан зайн шинэ дээд амжилт тогтооход ойрхон болжээ
NASA-гийн Voyager 1 хөлөг 1977 онд хөөрснөөсөө хойш дэлхийгээс гаралтай бусад бүх сансрын хөлгүүдээс хамгийн хол зайг туулаад байгаа. Тэгвэл олон жилийн өмнө нарны аймгаас гарч, од хоорондын орон зайд нэвтэрсэн уг хөлөг одоо нэг "гэрэл-өдөр" хэмээх орон зайн хязгаарыг давах гэж буй чухал үе шатанд хүрээд байгаа юм байна. Нэг "гэрэл-өдөр" нь гэрэл 24 цагийн хугацаанд тархах зай бөгөөд ойролцоогоор 26 тэрбум километр зайтай тэнцдэг. АНУ-ын сансрын агентлагийн мэдээлснээр сансрын бараг бүрэн вакуум орчинд цагт 61,000 км хурдтай аялж буй Voyager 1 хөлөг Зүүн Эргийн цагаар Лхагва гарагийн өглөөний 05:16 цагт (Улаанбаатарын цагаар 18:16 цагт) дэлхийгээс ийм хол зайд хүрэх ажээ. Энэхүү робот хөлөг нь дэлхийгээс хамгийн хол зайд орших хүн төрөлхтний бүтээл гэдгээрээ онцлог юм. "Би үүнийг инженерийн чухал амжилт, тодруулбал Voyager 1 хөлгийн гайхалтай урт удаан хугацааны ажиллагааг харуулсан үзүүлэлт гэж харж байна. Түүнчлэн ийм хол зайд байгаа хөлөгтэй холбоо тогтоож чадаж байгаа нь өөрөө инженерийн томоохон ололт юм" хэмээн Калифорнийн Технологийн Хүрээлэнгийн (Caltech) сансрын цацрагийн лабораторийн ахлах эрдэм шинжилгээний ажилтан, 1973 оноос хойш Voyager хөтөлбөрт ажиллаж буй астрофизикч Алан Каммингс хэлж байна. Олон хүмүүсийн хувьд "гэрэл-жил" гэдэг ойлголт илүү танил байж магадгүй бөгөөд энэ нь сансрын асар хол зайг хэмжихэд ашиглагддаг нэгж юм. Энэ нь гэрлийн бөөм буюу фотоны нэг жилийн хугацаанд туулдаг зай бөгөөд ойролцоогоор 9.5 их наяд километр болдог. Жишээлбэл манай нарны аймгийн гадна орших хамгийн ойрын одод бол "Альфа Центаври" (Alpha Centauri) системийн гурван од бөгөөд тэдгээр нь ойролцоогоор 4.24 гэрэл-жилийн зайд оршдог. Voyager 1 болон түүний ихэр хөлөг болох Voyager 2 нь 49 жилийн өмнө дэлхийгээс хөөрсөн бөгөөд нарны аймгийн алслагдсан гарагуудыг судалсны дараа цааш аяллаа үргэлжлүүлсэн юм. Voyager 1 хөлөг Voyager 2 хөлгийг хөөргөснөөс хойш 16 хоногийн дараа буюу 1977 оны есдүгээр сарын 5-нд Флорида мужийн Канавералын хошуунаас "Titan IIIE-Centaur" пуужингаар сансарт хөөрсөн хэдий ч хэдхэн сарын дотор ихэр хөлгөө гүйцэж түрүүлжээ. Voyager 1 хөлөг нь Бархасбадь, Санчир гараг болон тэдгээрийн дагуулуудын талаар маш их хэмжээний шинэ мэдээллийг цуглуулсан юм. Энэхүү хөлөг Бархасбадь гарагийг тойрсон нимгэн цагариг, мөн өмнө нь илрээгүй байсан Тебе (Thebe), Метис (Metis) хэмээх хоёр дагуулыг нээжээ. Түүнчлэн Санчир гарагийн эргэн тойрноос таван шинэ дагуул болон "G-цагираг" гэж нэрлэгддэг цагаргийг олж илрүүлсэн байна. Voyager 1 хөлөг 2012 онд нарнаас ялгардаг бөөмс болон соронзон орноос бүрдэх, хамгаалалтын бүрхүүл мэт орчин болох хелиосферийн (heliosphere) гаднах хязгаарыг давж, од хоорондын орон зайд нэвтэрсэн бөгөөд тэр үеэс хойш ч үргэлжлүүлэн мэдээлэл цуглуулсаар байгаа. Харин Voyager 2 хөлөг 2018 онд од хоорондын орон зайд нэвтэрчээ. Эх сурвалж: Reuters
