Depository of News

Тагнуулын дуулианы эзэн Алис Хуан 2025 оны наймдугаар сард ажлаасаа гарсныг Megaspeed компани мэдээллээ

ikon.mn · economy

Nvidia компанийн дэвшилтэт чипүүдийг Хятад улсад дамжуулсан байж болзошгүй хэргээр шалгагдаж буй Сингапурт төвтэй Megaspeed International компани Ням гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ Бээжингийн тагнуул гэгдэж буй Алис Хуан нь тус компаниас гараад нэг жил гаруй хугацаа өнгөрч буйг тайлбарлажээ. Megaspeed нь Зүүн Өмнөд Ази дахь дата төвүүддээ зориулан Nvidia-гийн чипүүдийг худалдаж авч, улмаар тэдгээрийг Хятад руу илгээх замаар АНУ-ын экспортын хяналтын журмыг зөрчсөн байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байгаа юм. Тус компанийн захирал асан Алис Хуаныг АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадын тагнуулын байгууллагатай холбоотой байж болзошгүй хүнээр тодруулсан бөгөөд тэрбээр Nvidia компанийг үүсгэн байгуулагчдын нэг, Пүрэв гарагт гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорсон Женсен Хуантай дотно харилцаатай байсан гэгддэг. Megaspeed компани "Алис Хуан 2025 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн албан ёсоор тус компаниас гарсан бөгөөд одоогоор компанид ямар ч албан тушаал хашихгүй байгаа" гэж мэдэгдсэн байна. Тус компани Алис Хуаны хувийн амьдралтай холбоотой асуудлаар тайлбар өгөхөөс татгалзжээ. Алис Хуан, Женсен Хуан хоёр нь хэдийгээр ижил овогтой ч хоорондоо төрөл садны холбоогүй хүмүүс юм. Бээжингийн эрх баригчид Женсен Хуаны эсрэг тагнуулын ажиллагаа явуулснаа няцааж байгаа. Женсен Хуан арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Nvidia-гийн ажилтнуудад илгээсэн захидалдаа гэрлэлтээс гадуур харилцаатай байснаа хүлээн зөвшөөрсөн боловч тухайн эмэгтэйн нэрийг дурдаагүй юм. Тэрбээр үүнээс хойш хэдхэн хоногийн дараа албан тушаалаасаа огцорчээ. Nvidia-гийн төлөөлөн удирдах зөвлөл уг асуудлыг шалгаж эхэлсэн бол АНУ-ын Конгрессын гурван байнгын хороо Женсен Хуаныг арваннэгдүгээр сарын 18-нд болох хаалттай хуралдаанд оролцохыг уриад байна. Megaspeed компани өөрийгөө "хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг" гэж мэдэгдээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан "компанийн үйл ажиллагаа, нийлүүлэлтийн сүлжээ болон дэлхий дахины үйл ажиллагааны талаарх, баттай нотлох баримтгүй мэдэгдлүүдийг" анхааралдаа авсан гэжээ. Мөн тус компани АНУ-ын экспортын хяналтын хуулиудын хэрэгжилтийг хангах үүргээ хэрхэн биелүүлж буйг нарийвчлан шалгахын тулд гаднын хуулийн байгууллагыг ажиллуулахаар болсон гэнэ. Сингапурын эрх баригчид Megaspeed компанитай холбоотой шалгалтын үеэр буруу ташаа мэдээлэл өгсөн гэх шалтгаанаар Алис Хуангийг тус хот-улсад дахин нэвтрүүлэхийг хориглосноо өнгөрсөн долоо хоногт зарласан юм. Гэхдээ түүнийг тагнуулын хэрэгт холбогдуулан шалгаагүй, Megaspeed компанийн Малайзад нийлүүлсэн хиймэл оюуны чиптэй серверүүд өөр зориулалтаар ашиглагдсан эсэхийг мөрдөн шалгах ажлын хүрээнд мэдүүлэг авч байсан юм байна. Эх сурвалж: AFP

Read full article →