Өмнөд Солонгосын татварын мэргэшсэн нягтлангийн шалгалтад төгс оноо авсан оролцогч хуулснаа хүлээн зөвшөөрчээ
Өмнөд Солонгосын татварын мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан оролцогч бичил камер, гар утас, хиймэл оюун ухааны (AI) хэрэгслүүдийг ашиглан хууран мэхэлснээ хүлээн зөвшөөрчээ. Хан Вон Сок өөрийн өмгөөлөгч И Дон Хогийн YouTube сувагт нийтлэгдсэн бичлэгээр дамжуулан хэргээ хүлээсэн бөгөөд Сөүлийн цагдаагийн газарт ч мөн үүнийгээ мэдэгдэж, хэрхэн хууран мэхэлсэн талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. 34 настай тэрбээр шалгалтын эхний үе шатанд 400 онооноос 397.5 оноо авч, нийт 160 асуултаас ердөө нэгийг л буруу хариулсан нь эхэндээ сэжиг төрүүлж, цахим орчинд янз бүрийн таамаглал үүсгэхэд хүргэжээ. Өмнөд Солонгосын иргэдийн хувьд улсын хэмжээний стандарт шалгалтууд карьерын замналд нь асар их нөлөө үзүүлдэг тул шалгалтын дүн, тэр ч байтугай дүнгээ хууль бусаар өсгөх оролдлогууд маш ноцтой асуудалд тооцогддог. "Би татварын мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтын нэг болон хоёрдугаар үе шатанд цахим төхөөрөмж, хиймэл оюун ухаан ашиглан хуурч мэхэлсэн" гэж Ням гарагт нийтлэгдсэн бичлэгтээ Хан хэлжээ. "Би бичил камер ашиглан шалгалтын асуултуудын зургийг авч, хиймэл оюун ухаан руу илгээж, улмаар гар утсаараа дамжуулан хариултуудаа шалгаж хууран мэхлэх үйлдэл гаргасан” гэж тэр тайлбарласан байна. Хууран мэхэлсэн гэх сэжиг таамаг анх гарч ирэхэд Хан үүнийг үгүйсгэж байсан ч шалгалтад хоёрдугаар байр эзэлсэн хүний сэтгэл санааны байдлыг бодож үзсэнийхээ дараа бодлоо өөрчилсөн гэнэ. Тэр мөн шалгалтад шударгаар өрсөлдсөн бусад оролцогчдоос уучлалт гуйсан байна. "Миний үйлдлээс болоод шалгалтад тэнцсэн бусад хүмүүс ч бас сэжиглэгдэхэд хүрч байх шиг байна" гэж Хан хэлжээ. Уг оролцогч хууран мэхэлснээ хүлээн зөвшөөрсний дараа тус улсын Хөдөлмөр эрхлэлтийн яам болон Хүний нөөцийг хөгжүүлэх албанаас яаралтай хурал зохион байгуулсан байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газрын бодлогын асуудал хариуцсан дарга Ха Жүн Гён хууран мэхлэх үйлдлээс урьдчилан сэргийлэх шинэ арга хэмжээнүүдийг нэвтрүүлэхээ мэдэгдээд "өмнө нь үйлдсэн гэмт хэргүүдийг" ч мөн "эцсийг нь хүртэл мөрдөн шалгаж, хариуцлага тооцно" хэмээн анхааруулжээ. Татварын мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад хиймэл оюун ухаан ашиглан хууран мэхэлсэн нь тогтоогдсон оролцогчийн оноо хүчингүй болж, дахин таван жилийн хугацаанд шалгуулах боломжгүй болохыг засгийн газар мэдээлсэн байна. Хэдхэн өдрийн дараа Өмнөд Солонгост их сургуулийн элсэлтийн шалгалт эхлэх гэж буй цаг үед энэ дуулиан дэгджээ. Хан сайн мөнгө олдог болох, эцэг эхийгээ өөрөөр нь бахархуулах ажилд орохын тулд хууран мэхлэх арга хэрэглэснээ тайлбарласан байна. Ням гарагт Сөүл хотын цагдаагийн газар энэ хэргийг шалгаж байгаагаа Ёнхап агентлагт мэдээлжээ. "Бид өнөөдөр өглөө шалгуулагчийн өмгөөлөгчөөс татварын мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтыг луйвардсан тухай мэдүүлэг бичгээр хүлээн авсан" гэж энэ мэдээлэлд өгүүлсэн байна. Үндэсний хэмжээний шалгалтын ач холбогдлоос шалтгаалан Өмнөд Солонгост хуулах тохиолдол цөөнгүй гардаг бөгөөд технологи улам боловсронгуй болохын хэрээр хиймэл оюун ухаан ашиглахтай холбоотой хэргүүд улам бүр нэмэгдэж байгаа. Өнгөрсөн сард Сөүлийн хоёр их сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцэхийн тулд хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг нүдний шил ашигласан хоёр тусдаа хэрэг илэрч байв. Боловсролын яамны мэдээллээр сүүлийн 12 сарын хугацаанд дунд болон ахлах сургуулийн шалгалтад ийм нүдний шил ашигласан дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байна. Эх сурвалж: BBC
