Унгарын эрх баригчид Виктор Орбаны танхимын сайд асныг шалгах үеэр ойд булсан $19.5 саятай тэнцэх мөнгө илрүүлжээ
Баасан гарагт Унгар улсын авлигатай тэмцэх байгууллага өмнөх ерөнхий сайд Виктор Орбаны танхимын сайд асан этгээдэд холбогдох хэргийг шалгах явцдаа ой модонд булсан, мөн бусад газарт нуусан нийт $19.5 саятай тэнцэх бэлэн мөнгийг илрүүлэн хурааж авснаа зарлажээ. 2014-2018 оны хооронд Унгарын үндэсний хөгжлийн сайдаар ажиллаж байсан Миклош Сестак нь төрийн өмчит тээврийн компанитай холбоотой сүлжээгээр дамжуулан хуучин автобуснуудыг хэт өндөр үнээр худалдан авах замаар их хэмжээний авлига авсан хэрэгт буруутгагдаж байгаа юм байна. Орбаныг эрх барьж байх үед гарсан авлига, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан хэргүүдийг шалгахаа амласан сөрөг хүчний нэр дэвшигч Петер Мадьяр дөрөвдүгээр сард болсон сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан бөгөөд үүгээрээ Орбаны 16 жил үргэлжилсэн засаглалд цэг тавьсан юм. Сүүлийн долоо хоногуудад авлигын эсрэг мөрдөн шалгах ажиллагаа эрчимжиж, Сестак, түүнтэй нэг танхимд ажиллаж байсан өөр хоёр сайд болон Орбаны дүү зэрэг хүмүүс тус тусдаа хэргээр саатуулагджээ. Ерөнхий сайд Мадьярын санаачилсан хариуцлага тооцох ажлын хүрээнд байгуулагдсан, өргөн хүрээний эрх мэдэл бүхий "Хөрөнгө Нөхөн Сэргээх, Хамгаалах Үндэсний Алба" нь Сестакт холбогдох эрүүгийн хэргийн хүрээнд Пүрэв, Баасан гарагуудад хэд хэдэн газарт нэгжлэг явуулсан юм байна. Тус байгууллагын мэдэгдэлд "Нэгжлэгийн үеэр мөрдөгчид их хэмжээний бэлэн мөнгө илрүүлсэн бөгөөд тэдгээрийг ой модонд булсан, хөдөө аж ахуйн болон агуулахын барилга, орон сууцанд нуусан, мөн алслагдсан газруудад байрлах үнэтэй сэйфүүдэд хадгалсан байсан" гэжээ. Мөн "Хоёр өдрийн турш үргэлжилсэн нэгжлэгээр нийт 5,071,632,000 форинт, 2,658,350 евро, 1,257,100 ам.доллар олдсон" нь нийтдээ $19.5 саятай тэнцэж байгааг нэмж дурдсан байна. Тэд хурааж авсан бэлэн мөнгөө Унгарын төрийн сангийн дансанд шилжүүлжээ. Сангийн сайд Андраш Карман өөрийн Фэйсбүүк хуудсандаа "Мөнгийг хүлээн авсны дараа төрийн сангийн 12 ажилтан 5 ширхэг мөнгө тоолох машин ашиглан 8 цагийн турш тооллоо" гэж бичсэн байна. Ерөнхий сайд Петер Мадьяр энэхүү ажиллагааг “нөхцөл байдлыг өөрчлөх чухал эргэлтийн цэг болно” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. "Энэ нь 'Фидес-КДНП' мафийн албан ёсны төгсгөлийн цэг болж байна” гэж тэр мэдэгдсэн нь Орбаны засаглалын үеийн эвслийг хэлсэн хэрэг байв. Одоогоор Орбан энэ талаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна. Үүнээс өмнө тэр өөрийн ойрын хүрээллийнхнийг чиглэсэн шалгалтуудыг өөрийг нь шоронд хийх зорилготой “улс төрийн хавчлага” хэмээн буруутгаж байсан юм. Эх сурвалж: AFP
