Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталж, уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байхаар заажээ. Тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалтад “гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;” бол түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно гэж, мөн зүйлийн 9.2 дахь хэсэгт “Улсын Их Хурал … энэ хуулийн … 9.1.5-д заасан тохиолдолд эгүүлэн татах тогтоол гаргана. …” гэж зохицуулжээ. Нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 9.2 ...-т заасан гишүүнийг ... эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, ... энэ хуулийн ... 9.1.5-д заасан асуудлаар гишүүн саналаа илээр гаргана. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг ... эгүүлэн татахыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорин есдүгээр зүйлийн 3, Дөчин долдугаар зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн шалгаж байна. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Хорин есдүгээр зүйлийн З дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заажээ. Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хуулийн цэц
