Depository of News

Л.Мөнхбаясгалан, Х.Баттулга тэргүүтэй 13 гишүүний санаачилсан Усны тухай хуулийн хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг завсарлага авав

ikon.mn · world

УИХ-ын чуулганы хуралдаанаар Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг Л.Мөнхбаясгалан, Х.Баттулга, С.Бямбацогт, Г.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнхбат, Н..Наранбаатар, У.Отгонбаяр, М.Сарнай, Р.Сэддорж, Б.Тулга, Д.Үүрийнтуяа, Р.Эрдэнэбүрэн нарын 13 гишүүн өргөн мэдүүлжээ. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг таван хоногийн завсарлага авсан. Уг завсарлага өнөөдөр дуусгавар болсноор хэлэлцэж эхлэн, гишүүдийн асуултад хууль санаачлагч хариулт өгч байна. Завсарлагын хугацаанд АН-ын бүлэг уг хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн болохыг мэдэгдсэн юм. УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй ЭНД дарж танилцана уу. Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах болсон шалтгаанаа хууль санаачлагч дараах байдлаар танилцуулсан байдаг. Уг танилцуулгад: Усны хэрэглээний ихэнх хувийг газар доорх усаар хангаж байгаа нь нөөцийн тэнцвэр алдагдах, ус хомсдох, экосистем доройтох эрсдэлийг нэмэгдүүлж байна. Усны нөөцийн хамгаалалт, ашиглалт, сав газрын менежмент, мэдээлэл, хяналт, ус дахин ашиглалт болон эдийн засгийн зохицуулалтыг нэгдсэн байдлаар боловсронгуй болгох шаардлага нь энэхүү төслийг боловсруулах үндэслэл болсон. Хуулийн төслөөр усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, бохирдол, хомсдолоос урьдчилан сэргийлэх, усаар хангагдах эрхийг баталгаажуулахыг зорьж байна. Ус ашиглах шийдвэрт нөөцийн хэмжээ, чанар, нөхөн сэргэх боломж, экосистемийн хэрэгцээг харгалзаж, хүн амын унд, ахуйн хэрэгцээг тэргүүнд тавих зарчмыг тусгалаа. Төсөлд ус хэмнэх, дахин ашиглах, хуримтлуулах, газар доорх усыг зориудаар арвижуулах үйл ажиллагааг дэмжих, төлбөрийн орлогын тодорхой хэсгийг усны нөөцийн хамгаалалтад зарцуулах чиглэлийг тусгалаа. Олон улсын туршлагаас сав газрын нэгдсэн менежмент, усны эдийн засгийн зохицуулалт, мэдээлэл, цахим мониторингийн тогтолцоог Монгол Улсын нөхцөлд нийцүүлэн харгалзан үзсэн. Хуулийн төсөл батлагдсанаар ус ашиглах шийдвэр нөөцийн боломж, экологийн шаардлагад нийцэх, хамгаалалтын дэглэм тодорхой болох, мэдээлэлд тулгуурласан хяналт сайжрах эрх зүйн үндэс бүрдэнэ. Мөн ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжсэнээр хариуцлагатай хэрэглээ, усны нөөцийн тогтвортой хамгаалалт, усны аюулгүй байдлыг хангахад ахиц гарна. Нөгөө талд, хуулийн төсөл батлагдвал олон сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэйг зарим гишүүн хэлж буй. Ганц жишээ дурдахад уул уурхайн салбарт газрын доорх цэнгэг ус ашиглахыг хориглож багаа нь манай улсын хамгийн том төсөв бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай зөрчилдөхөөр байгаа юм. Хуулийн төслийг энэ хэвээр баталбал газар доорх цэнгэг усанд түшиглэсэн уурхай, баяжуулах үйлдвэрүүдийн үйлдвэрлэл тасалдах, өөр эх үүсвэргүй тохиолдолд зогсох, хөрөнгө оруулалт, ажлын байр, экспорт, төсвийн орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг гишүүд хэлж байгаа. Энэ мэт шалтгааны улмаас хуулийн төслийг нягталж, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлттэй танилцах шаардлагатай тул хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авах хүсэлтийг УИХ дахь МАН-ын бүлгээс гаргав. Ийнхүү Усны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалт АН-ын бүлгийн тав хоногийн завсарлагаас МАН-ын бүлгийн тав хоногийн завсарлага руу шилжээд байна.

Read full article →