Depository of News

Говийн гүний худгуудын 63.2% нь фторын өндөр агууламжаар ундны усны стандартыг хангахгүй байна

ikon.mn · world

Шинжлэх ухааны академийн судлаачид Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн 144 гүний худгийн усанд шинжилгээ хийж, үр дүнг Монгол Улсын ундны усны MNS 0900:2018 стандарттай харьцуулжээ. “Говийн бүсийн гүний худгийн усны фторын ионы судалгаа” (2024)-гаар худгуудаас авсан нийт дээжийн 63.2% нь фторын агууламжаар ундны усны стандартын шаардлага хангахгүй болохыг тогтоосон байна. Фторын агууламж өндөртэй ус хэрэглэх нь шүдний пааланг гэмтээх, хонхойлгох сөрөг нөлөөтэй. Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн 15 сумаас зөвхөн Ханбогд, Цогтцэций зэрэг цөөн сумын иргэд л Монгол Улсын ундны усны MNS 0900:2018 стандартад нийцсэн усаар хангагдаж байна. Цогтцэций суманд Энержи Ресурс, Ханбогд суманд Оюу толгой зэрэг уул уурхайн компаниуд гүний усны хатуулаг, эрдэсжилтийг бууруулах технологитой ус цэвэршүүлэх, хангамжийн нэгдсэн систем байгуулсан. Ингэснээр иргэд цэвэршүүлсэн, стандартын шаардлага хангасан ундны ус хэрэглэх боломж бүрджээ. Гэтэл цэвэр усны хүртээмжийн асуудал зөвхөн Өмнөговиор хязгаарлагдахгүй, Дундговь, Дорноговь зэрэг говийн бүсийн аймгуудад ч иргэдийг стандартад тэнцэх ундны усаар хангах хэрэгцээ, шаардлага байсаар байна. Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж буй энэ үед хариуцлагатай уул уурхайн компаниудын оролцоо, бүтээн байгуулалтад тулгуурлан говийн бүсийн иргэдийг стандартын шаардлага хангасан ундны усаар хангах хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хөндөн ярилцах нь чухал юм.

Read full article →