Пентагоны тэргүүн өөрт нь болон дагалдагсдад нь хатуу шаардлага тавьсан харуулын цэргийг медалиар шагнажээ
АНУ-ын батлан хамгаалахын сайд Пит Хэгсэт өөрт нь болон дагалдан явсан хүмүүст нь хатуу шаардлага тавьсан Арлингтоны үндэсний оршуулгын газрын нэр үл мэдэгдэх цэргүүдийн бунхны харуулын цэрэгт медаль гардуулжээ. Лхагва гарагт болсон Ахмад дайчдын өдрийн арга хэмжээний үеэр Пит Хэгсэт, түүний эхнэр болон ахлах зөвлөхүүд нь “Нэр үл мэдэгдэх цэргүүдийн бунхан"-ы өмнө зургаа авхуулахдаа чанга инээлдэж, ярилцаж байсан бөгөөд энэ үед харуулын цэрэг тэдэнд чимээгүй байхыг өндөр дуугаар сануулж байв. Пентагоноос гаргасан мэдэгдэлд дурдсанаар Хэгсэт “Нэр үл мэдэгдэх цэргүүдийн бунхан"-д үүрэг гүйцэтгэж байсан цэрэг, мэргэжилтэн Томас Иглесиастад "үүргээ сайн гүйцэтгэсэн" хэмээн “Joint Service Commendation Medal” нэртэй медалийг гардуулсан байна. Батлан хамгаалахын сайд сошиал хуудсандаа Иглесиастад медаль гардуулж байгааг харуулсан зургуудаа нийтэлжээ. Энэ арга хэмжээнд “Нэр үл мэдэгдэх цэргүүдийн бунхан"-ыг хамгаалах үүрэгтэй "Old Guard” гэгддэг АНУ-ын явган цэргийн 3-р хорооны цэргүүд оролцсон байна. Хэгсэт мэдэгдэлдээ "Бид цэргүүдээ хайрладаг. Бид дэг журмыг эрхэмлэдэг. Сайн байна, мэргэжилтэн минь. Эх орончид оо, үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгээрэй" гэж бичжээ. Тухайн өдрийн үйл явдлын дүрс бичлэг харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэрэг Хэгсэтийн бүлэгт дөхөж очоод "Бүх зочид энд байх хугацаандаа чимээгүй байж, хүндэтгэлтэй хандах ёстой" хэмээн зандрангуй өнгөөр хэлж байгааг харуулсан юм. Арлингтоны үндэсний оршуулгын газрын журамд зочдыг нам дуугаар ярьж, хүндэтгэлгүй эсвэл эмх замбараагүй үйлдэл гаргахгүй байхыг шаарддаг. Тус улсын дайны дурсгалт газруудаас хамгийн ариун нандин газруудын нэгд тооцогддог энэхүү бунханд Дэлхийн нэгдүгээр дайн, Дэлхийн хоёрдугаар дайн, Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн, хэн болох нь тодорхойгүй цэргүүдийн шарил нойрсож байдаг юм. Дүрс бичлэг олон хүний анхаарлыг татсаны дараа Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Шон Парнелл "Энэхүү хүндэтгэлт өдрийг тэмдэглэх үеэр нэгэн цэрэг хүмүүст дэг журмыг сахихыг зөв бөгөөд хүндэтгэлтэйгээр сануулсан. Батлан хамгаалахын сайд болон яамны нийт бүрэлдэхүүн Америкийн аюулгүй байдлыг хангахын төлөө цэрэг эрчүүд, эмэгтэйчүүдийнхээ гаргасан золиосыг үргэлж хүндэтгэсээр ирсэн бөгөөд цаашид ч хүндэтгэх болно” гэх мэдэгдэж байв. Хэгсэтийн бүлэг хүндэтгэл үзүүлэхээс өмнө ерөнхийлөгч Дональд Трамп, дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс болон бусад өндөр албан тушаалтнууд тус оршуулгын газарт жил бүр зохион байгуулагддаг цэцэг өргөх ёслолд оролцжээ. Ёслолын үеэр хэлсэн үгэндээ Трамп эх орныхоо төлөө тулалдсан цэргийн алба хаагчдад талархал илэрхийлж байв. Тэрбээр мөн Ираны дайнд өөрийн засаг захиргааны гаргасан амжилтыг онцлон дурдаж байжээ. Тэрбээр Ираны дайны талаар ярихдаа "Бид ялсан. Одоо гол асуулт нь бид үүнийг хэзээ дуусгах вэ гэдэгт л байна. Бид 93 хувийн ялалт биш, бүрэн дүүрэн ялалт байгуулахыг хүсэж байна" хэмээн мэдэгдэж байв. Мөн Трамп ёслолын үеэр Хэгсэтэд хандан түүнийг батлан хамгаалахын сайдын хувиар "гайхалтай сайн ажилласан” гэж магтжээ. Ардчилсан Намын хууль тогтоогчид Хэгсэтийг албан тушаалаас нь огцруулахыг шаардаж буй энэ үед Трамп түүнийг удаа дараа өмгөөлөн хамгаалсаар байна. Мягмар гарагт Конгрессын зөвшөөрөлгүйгээр Ираны эсрэг дайн өдүүлсэн гэх үндэслэлээр батлан хамгаалахын сайдыг огцруулах санал хураалт Капитолын ордонд явагдсан ч амжилт олоогүй юм. Эх сурвалж: BBC
