Гэр бүлээс гадуур хоёр дахь харилцаа нь илэрсний дараа Nvidia компанийн гүйцэтгэх захирал албан тушаалаасаа огцорлоо
Пүрэв гарагт Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан албан тушаалаасаа огцорлоо. Энэ нь дэлхийн хиймэл оюун ухааны технологийн салбар хамгийн алдартай удирдагчдынхаа нэгийг алдаж буй хэрэг бөгөөд түүний удирдлага дор салбарын томоохон тоглогч болж хөгжсөн тус чип үйлдвэрлэгчийн ирээдүйг бүрхэг болгож байна. Хуаны огцролт нь Nvidia компанийн хувьд туйлын хүнд, үймээн самуунтай үргэлжилсэн энэ долоо хоногийн оргил үе боллоо. Тэрбээр гэр бүлээс гадуур бэлгийн харилцааны хоёр ч дуулианд нэр холбогдсон нь тус компанийг түүхэндээ үзээгүй хамгийн хүнд хямралд унагаагаад байна. Пүрэв гарагт компанийн зүгээс мэдээлснээр байнга ажиллах шинэ гүйцэтгэх захирлыг дотоод болон гадаад нэр дэвшигчдээс хайж олох хооронд санхүү хариуцсан дэд захирал (CFO) Колетт Кресс гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэхээр болжээ. Nvidia компанийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд компанийн хувьцааны 3.61 орчим хувийг эзэмшдэг, дөрөв дэх том хувьцаа эзэмшигч Хуан мөн төлөөлөн удирдах зөвлөлөөс (ТУЗ) гарч байна. Synopsys компанийн гүйцэтгэх захирал асан, ТУЗ-ийн гишүүн Харви Жонсыг түүний оронд ТУЗ-ийн даргаар томилжээ. Өчигдөр өглөө хөрөнгийн зах зээлийн арилжаа эхлэх үед тус компанийн хувьцааны ханш 12 гаруй хувиар унасан нь зах зээлийн үнэлгээг $500 тэрбум орчмоор бууруулах эрсдэл үүсгэж, улмаар нийт зах зээлийг бүхэлд нь доош татсан байна. Харин өрсөлдөгч компаниуд болох AMD болон Broadcom-ын хувьцаа тус тус 2 хувь, 5 хувиар өссөн юм. "ТУЗ, гүйцэтгэх удирдлагын баг болон бид энэ үеийг туйлын хүнд хэцүү цаг үе гэдгийг хүлээн зөвшөөрч байна" хэмээн Колетт Кресс ажилтнууддаа илгээсэн мэдэгдэлдээ дурджээ. Тэрбээр мөн арваннэгдүгээр сарын 18-ны өглөөний 9:00 цагт компанийн бүх ажилчдын хурал зохион байгуулахаар болсныг мэдэгдсэн байна. 63 настай, гэр бүлтэй Хуан нь Бээжингийн талд тагнуул хийсэн байж болзошгүй гэж АНУ-ын эрх баригчдын сэжиглэж буй Хятадын бизнес эрхлэгч эмэгтэйтэй дотно харилцаатай байсан тухай мэдээлэл гарсны дараа түүнд ирэх дарамт сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдээд байв. Түүнчлэн Хуан өөрийнхөө шууд удирдлагад ажилладаг өндөр албан тушаалтай эмэгтэй ажилтантай бэлгийн харилцаатай байсан тухай мэдээлэл гарсны дараа Nvidia компанийн ТУЗ түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлаар Лхагва гарагт хуралдсаныг асуудалд ойр эх сурвалж мэдээлжээ. Хуан явснаар Nvidia компаниас бүхэлдээ хамааралтай дэлхийн хиймэл оюуны технологийн салбарын экосистемд тасалдал үүсэх эрсдэл тулгарч байна. "Эрсдэл нь Nvidia гэнэт технологийн хөгжлийн төлөвлөгөөний зүг чигээ алдахдаа биш... учир нь уг төлөвлөгөө ирэх хэдэн жилийн хугацаанд яаж хөгжих нь тодорхой харагдаж байгаа. Харин жинхэнэ эрсдэл бол хэрэгжүүлэлт буюу гүйцэтгэлд оршино. Женсен бол маш нарийн нийлмэл тогтолцоог удирдан чиглүүлэгч гол хүн байсан" гэж ClearBridge Investments компанийн портфолио менежер Майкл Фелдман хэлжээ. Хиймэл оюун ухаантай холбоотой хувьцаануудад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл аль хэдийн тогтворгүй болоод байгаа. Учир нь уламжлал ёсоор бэлэн мөнгөний нөөц ихтэй байдаг байсан технологийн аварга компаниудын бэлэн мөнгөний зарцуулалт огцом нэмэгдэж, өр төлбөр өсөж байгаа нь хиймэл оюун ухааны салбарын энэхүү өсөлт үр өгөөжтэй байх эсэхэд эргэлзэхэд хүргэж байна. Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хадгалахын төлөө гаргаж байсан Хуаны хүчин чармайлт, мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай тогтоосон дотно харилцаа зэргийг харгалзан үзвэл түүний огцролт нь АНУ-ын чип экспортын бодлогод ч томоохон нөлөө үзүүлж болзошгүй юм. Ням гарагт Трамп хэлэхдээ "манай улсын төлөө гайхалтай ажил хийсэн" гэж Хуаныг магтсан бөгөөд Nvidia-гийн тэргүүн түүнд өөрийн дотно харилцаатай байсан хятад эмэгтэйг “тагнуул гэж огт мэдээгүй байснаа хэлсэн” хэмээн ярьжээ. Пүрэв гарагт Трамп хэлэхдээ Apple компанийн гүйцэтгэх захирал асан Тим Күүкийг түүний оронд Nvidia компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилох хэрэгтэйг зөвлөсөн байна. "Гайхалтай ажил хийсэн Nvidia-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуан албан тушаалаасаа буусан тул түүний оронд очих хүн ганц л байна. Тэр бол Apple-ийн Тим Күүк юм" гэж Трамп сошиал хуудсандаа бичжээ. Тэрбээр цааш нь "Домогт хүнийг өөр нэгэн домогт хүн орлох болно!" хэмээн нэмж бичсэн байна. АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон "Хуаны оронд залгамжлагчийг зөв сонгох нь нэн чухал" гэж мэдэгдээд Конгресст хагас дамжуулагч чипийг Хятад руу экспортлохыг хязгаарлах талаар нэгдсэн ойлголт улам бүр бэхжиж байгааг онцлон тэмдэглэжээ. Олон жилийн турш Nvidia нь өндөр чанартай график дүрслэл шаарддаг компьютер тоглоомчдын дунд л хамгийн сайн танигдсан брэнд байв. Гэвч тус компанийн бүтээсэн чипүүд олон тооны тооцооллыг нэгэн зэрэг гүйцэтгэх чадвартай байсан нь хиймэл оюуны технологийн хөгжлийн гол тоглогч болох замыг нээсэн юм. Үүнийхээ ачаар Nvidia өнөөдөр дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болж, Женсен Хуан рок одын хэмжээнд хүндлэгдэх болоод байв. Гэвч тэр Сингапурт төвтэй Megaspeed компанийн гүйцэтгэх захирал асан Алис Хуантай дотно харилцаатай байсан, тэр эмэгтэй нь Хятадын тагнуулын ажилтан байсныг АНУ-ын эрх баригчид шалгаж тогтоосон гэх мэдээллүүд сүүлийн өдрүүдэд улам бүр эрчимжсэн юм. Тэдний Тайвань, Сингапур, Калифорнид хамт авхуулсан гэрэл зургууд ил болоод байна. Өнгөрсөн Ням гарагт Nvidia-ийн төлөөлөн удирдах зөвлөл хараат бус захирлуудын удирдлага дор Женсен Хуан гадаадын тагнуулын ажиллагаанд өртсөн эсэхийг мөрдөн шалгах ажлыг эхлүүлснээ зарласан юм. Тухайн үед компани түүнд итгэж байгаагаа илэрхийлж байв. Гэвч Лхагва гарагт Нью-Йорк Таймс сонин Хуаныг бас нэг эмэгтэйтэй, тухайлбал Nvidia компанийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн дэд захирал Кимберли Пауэллтэй нууц амрагийн холбоотой байсныг мэдээлснээр асуудал улам хурцадсан бөгөөд гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь огцруулахад хүргэжээ. Эх сурвалж: Reuters
