Энэ оны эхний 10 сард 3.71 мянган тонн ноолуур экспортолсон нь өмнөх жилийн мөн үеэс 24.6 хувиар өссөн дүн болов
Монгол Улс 2026 оны эхний 10 сарын байдлаар дэлхийн улс орнуудтай 28.8 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийжээ. Үүнээс 17.9 тэрбум ам.долларын бараа, түүхий эдийг экспортолж, 10.9 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг импортолсон байна. Улмаар экспортын дүн импортын дүнгээс 6.9 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад: Экспорт 46 хувиар өсөж, 17.8 тэрбум ам.долларт; Импорт 17.1 хувиар өсөж, 10.9 тэрбум ам.долларт; Гадаад худалдааны нийт бараа эргэлт 33.5 хувиар өсөж, 28.8 тэрбум ам.долларт хүрснийг Гаалийн Ерөнхий Газраас мэдээлэв. Экспорт 46 хувиар өсөхөд уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Тухайлбал Чулуун нүүрсний экспорт 88.9 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 36.9 хувиар; Зэсийн баяжмалын экспорт 2.13 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 15 хувиар; Төмрийн хүдрийн экспорт 7.45 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 3.2 хувиар тус тус өслөө. Мөн энэ оны эхний 10 сард нийт 3.71 мянган тонн ямааны самнасан ноолуур экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 24.6 хувиар өслөө.
