Depository of News

БНСУ-д зохион байгуулагдах олон улсын стартап фестивальд оролцох гурван компани шалгарчээ

ikon.mn · economy

“Comeup 2026 - Global Startup Festival” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох гарааны компаниуд шалгарчээ. Нийслэлийн хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр сонгон шалгаруулалтыг нийслэлийн Бизнес, инновацын газар нь БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, стартапын яам (MSS), Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран зохион байгуулсан байна. Шалгаруулалтын эцсийн шатны үнэлгээг энэ сарын 9-ний өдөр БНСУ-ын ажлын хэсэг цахимаар зохион байгуулж, “Хорека Юнион” ХХК-ийн “HoReCaSoft”, “Оюу Интеллиженс” ХХК-ийн “LookLuxe AI”, “Хонмоно” ХХК-ийн “Honmono AI” төсөл тодорчээ. Тус сонгон шалгаруулалтад нийт 26 төсөл материалаа ирүүлснээс хоёрдугаар шатанд 14 төсөл, эцсийн шатанд 6 төсөл шалгарч, дээрх гурван компани Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийг авсан байна. Арванхоёрдугаар сарын 9–11-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотын COEX үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдах “Comeup 2026” олон улсын стартап фестивальд оролцох гурван компанийн төлөөллүүдийн хоёр талын нислэгийн тийз болон зочид буудлын зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцах аж. “Comeup 2026” нь дэлхийн өнцөг булан бүрийн гарааны компаниуд, хөрөнгө оруулагчид, бизнесийн байгууллагуудыг нэгтгэдэг олон улсын арга хэмжээ бөгөөд энэхүү фестивальд оролцсоноор Монголын стартапууд инновац, технологийн шийдлээ олон улсын зах зээлд танилцуулах, хөрөнгө оруулагчидтай холбогдох, бизнесийн түншлэл, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрддэг байна.

Read full article →