Г.Гангамөрөн: Монголын CS2 тоглоомын багуудыг Польшийн компаниудтай холбож, хөрөнгө оруулалт татсанаараа бахархдаг
Цахим спортод шууд дамжуулалт буюу стриймэр чухал үүрэг оролцоотой. Дэлгэцийн ард тоглож суугаа багийн тоглолтыг үзэгчдэд илүү сонирхолтой, үзүүштэй тайлбарладаг стриймэрүүд байхгүй бол цахим спортыг төсөөлөхийн аргагүй. Тэдний нэг тоглоомын үзэгч, сонирхогчдын эчнээ танил стриймэр, сурвалжлагч, контент бүтээгч Г. Гангамөрөнгийн ярилцлагыг хүргэж байна. Таван сартайгаасаа Польшид амьдарсан тэрбээр хожим тус улсын шилдэг 10 стриймэрийн нэг болж чаджээ. Тэрбээр зөвхөн стрийм хийхээс гадна Монголын цахим спортын багуудад гадаадаас хөрөнгө оруулалт татах ажлыг нугалж яваа нэгэн юм. Түүнтэй CS тоглоомын зах зээлийн сонин сайхан хийгээд Польшийн цахим спортын компаниудын сонирхлыг Монгол руу хэрхэн татсан талаарх ярилцлаа. - Бидний урилгыг хүлээн авч ярилцаж байгаа танд баярлалаа. Юуны түрүүнд CS тоглоомын ертөнцөд хөл тавьсан түүхээ хуваалцахгүй юу? - Намайг Г.Гангамөрөн гэдэг. Польш улсад хувийн бизнес эрхэлж амьдардаг. Цар тахлын үеэр Польшид шууд дамжуулалт, стрийминг хийж эхэлсэн. Анх өрөөндөө суугаад Counter Strike(CS) тоглож байгаа бичлэг хийдэг байснаа зогсоогоод IRL (In real life) стрийм рүү орсон. Камераа өөрийнхөө аль нэг хэсэгт байрлуулаад аялж, томоохон тэмцээнүүдэд очиж байгаа байдлаа хүмүүст шууд дамжуулж эхэлсэн. Хүмүүс ихэвчлэн хийсэн бичлэгээ эвлүүлээд youtube дээр байршуулдаг бол миний бүх зүйл шууд явдаг байсан. Жишээлбэл Парис хот руу явлаа гэхэд 35 цаг тасралтгүй, ямар ч эвлүүлэг байхгүйгээр хүмүүст стрийм үзүүлдэг гэсэн үг. Польшид намайг IRL стриймийн анхдагч гэж ярьдаг. Таван жил гаруй стрийм хийхдээ зургаан сарын хугацаанд нь зөвхөн IRL стрийм хийж амьдарсан үе бий. Тэр үед хичээсээр байгаад Польшийн шилдэг 10 стриймэрийн нэг болсон. 36 сая хүнтэй улсын шилдэг 10-т орно гэдэг тийм амар зүйл биш. Миний стриймүүд хүмүүст амьд мэдрэмж өгдөг. Жишээлбэл ямар нэгэн арга хэмжээнд очиж амжаагүй хүмүүст яг л очсон мэт бодит мэдрэмж өгч, шууд харилцаж явдаг болохоор хамгийн сайхан. Шууд дамжуулалтаа хийж явсаар Польшид зохион байгуулагддаг CS тоглоомын Intel Extreme Masters Katowice гэх том тэмцээнд очиж цэнгэлдэхийн уур амьсгал мэдрүүлж, үзэж байгаа хүмүүстэй ярилцлага хийдэг болсон. Тэр тэмцээнд зургаан жил тасралтгүй очсон болохоор сүүлдээ Польшийн CS тоглоомын хамгийн том тэмцээний сэтгүүлч юм уу, сурталчлагч юм шиг болчихсон. Intel Extreme Masters Katowice тэмцээн үзэгч, сонирхогчдын дунд нэлээд нэр хүндтэй. Тэмцээнд оролцож байгаа аль нэг баг, тамирчдаас ярилцлага авах нь стрийм хийдэг хүний хувьд чухал. Би стриймээ сонирхолтой болгох үүднээс олон тэмцээнд очиж, сонирхолтой контент хийх шаардлагатай болсон. 2024 оноос манай "The MongolZ" баг дээрх тэмцээнд оролцох болсноор миний замнал эхлэхэд чухал нөлөө үзүүлсэн. Манай залуус Польшид тэмцээнээр ирвэл би тосож аваад хоол ундаар дайлж, сэтгэлээрээ тусалдаг байлаа. Ер нь Польшийн CS тоглоомын тэмцээнүүдийг тайлбарлах эрхийг нэг хүн худалдаад авчихсан байдаг. Тэр хүн рүү 2024 онд бичээд "The MongolZ" багийн шөвгийн наймд шалгарсан Шанхайн дэлхийн аварга руу намайг явуулаад өгвөл гоё ярилцлага бэлдээд илгээе гэхэд дуртай байгаагүй. Дараагийн тэмцээний үеэр намайг дахиад тоохгүй болохоор нь шарандаа "Астанад зохиогдсон тэмцээн рүү өөрийнхөө мөнгөөр явъя. Та нараас ямар ч туслалцаа авахгүй. Харин надад google drive линк өгчих. Өөрийн хийсэн бичлэгийг явуулна. Таалагдвал шууд дамжуулалтын үеэр цацаарай. Таалагдахгүй байвал хэрэггүй" гэлээ. Удалгүй Астанад очоод 15-20 бичлэг явуулсан чинь бараг бүгдийг нь хэрэглээд "үнэхээр өөр, гоё байна" гэсэн. Намайг яагаад тоохгүй байсан бэ гэвэл өмнө нь Польшийн 10 гаруй хүнийг тэмцээнүүдэд явуулахад олигтой ажил хэрэг болж чадаагүй юм билээ. Тиймээс мөнгөний гарз гэж үзээд дахиж хийхгүй гэж шийдсэнийг би гарч ирээд хийчихсэн чинь гайхшируулсан. Түүнээс хойш надтай холбогдоод дэлхийн хаана ч тэмцээн болсон очих хүсэлтэй бол хэлчих, бид явуулна гэсэн. Ийнхүү 2025 оны зургаадугаар сараас хойш CS тоглоомын бүх томоохон тэмцээнд очдог болсон. - Та өөрийгөө Польшийн цахим спортын тайлбарлагчаас юугаараа ялгардаг гэж боддог вэ? - Хүмүүс намайг бусадтай харилцах ур чадвар сайн гэдэг. Би ямар ч хүнтэй ярилцаж чаддаг, гоё уур амьсгал оруулдаг. Жишээлбэл тоглогч нартай ярилцлага хийхдээ албан байдал руу оруулахгүйн тулд хэв загвараа өөрчилсөн. Цахим спортын ихэнх ярилцлагууд өнөөдрийн тоглолт ямар байв, маргааш яаж тоглох уу гэсэн хэв маягтай байдаг бол би өнөөдөр ямар хоол идсэн, чиний дуртай зүйл юу вэ гэх мэтээр албаны ярилцлагаас зайлсхийдэг. "Польшууд "The MongolZ"-ийг дэлхийн аваргын төлөө тоглоно гэж огт бодож байгаагүй" Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав - Та Монголын CS тоглоомын сонирхогчид, стриймэр болон багуудыг гадаадын ивээн тэтгэгчидтэй зуучилсан хүний нэг. Энэ ажил хэрхэн эхэлсэн бэ? - Би маркетингийн компанид ажилладаг. Польшид стриймэр байхад дэмжлэг үзүүлдэг компани байсан. Тэр компанитай холбогдоод "The MongolZ" багийн хоёр ивээн тэтгэгч байгууллагыг зуучилж өгсөн. Польшуудад "The MongolZ" багийн залуусыг асар ирээдүйтэй тамирчид, 5-6 жил өндөр түвшинд тоглож чадна гэдгийг ойлгуулсан. Польшууд "The MongolZ" багийг дэлхийн аваргын төлөө тоглоно гэж огт бодож байгаагүй. Дэлхийн аваргын эхний шатанд л орж ирдэг баг гээд сайн үнэлдэггүй байлаа. Дээрээс нь Монголын эдийн засгийг тийм ч том гэж бодоогүй. Гэхдээ 2024 оны зун "The MongolZ" багтай анх удаа холбогдож, 2025 оны хоёрдугаар сараас эхний компани гэрээ байгуулсан. 2025 оны Intel Extreme Masters Katowice тэмцээний үеэр "The MongolZ" багтай нэлээд зүйл ярилцсан. Ер нь Польшууд "The MongolZ"-ийг бизнесийн талаас дэмжих нь чухал байгаагүй. Харин залуучууд сайхан түүх бүтээж байгаа учраас дэмжихээр болсон. Удалгүй "The MongolZ" дэлхийн аваргын финал гэх мэт томоохон тэмцээнүүд оролцож нэрээ хангалттай гаргаж эхэлсэн. Монголын эдийн засаг жижиг ч гэлээ үнэнч хөгжөөн дэмжигчтэйгээрээ дэлхийн бусад оронтой харьцуулбал нэлээд дээгүүрт орно. Тэгэхээр CS тоглоомын skin худалдаж авах зах зээл сайн хөгжих магадлалтай гэж хардаг. Монгол тоглогч болон сонирхогчид гангарах дуртай учраас энэ тоглоомд зориулж мөнгө зарцуулж чаддаг. Өөрийгөө санхүүжүүлээд явж чадах зах зээлийн үр шимийг "The MongolZ" баг авч ирж чадсан. Зөвхөн манай компаниас гадна Говь, Zowie гэх мэт дэлхийн томоохон брэндүүд хамтран ажиллаж байна. Гэтэл хамтарч ажиллах хүсэлтэй ч чадахгүй байгаа компаниуд олон байгаа байх. - Та Монголын бусад багт хөрөнгө оруулсан уу? - Манай компани Остины дэлхийн аваргад "Chinggis warriors" багийг, Будапештын дэлхийн аваргад "The Huns" багийн ивээн тэтгэгчээр ажилласан. Компанийнхаа удирдлагуудаас монгол багуудыг дэмжээд өгөөч гэж хүсдэг. Би энэ зун NEXVOID багийн хувьцаа эзэмшигчээр орох дөхсөн. Гэвч зөвхөн нэг багт хамааралтай байвал миний үндсэн ажилд жаахан зохимжгүй учраас больсон. - Та Монгол багуудад хэр хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадсан бэ? - Мөнгөн дүнг хэлэх боломжгүй. Гэхдээ тэр нэлээд том. Нэг тэрбум төгрөгийг бол амархан хол давсан. Монгол багуудад хөрөнгө оруулалт татахад маш сайн тусалсан. Польшийн компаниудтай холбож Монголын CS тоглоомын багуудад хөрөнгө оруулалт татаж чадсанаараа бахархдаг. Би Польшид ажиллаж, амьдарч байсан болохоор Польш эзэнтэй компаниуд надад итгээд Монгол багуудад хөрөнгө оруулсан. Өөр гадаадын компаниудад над шиг гүүр болж чадах хүн байгаа юу гэдэг нь сонирхолтой. Монголд энэ зах зээл хөгжиж байгаа учраас удахгүй том том компаниуд хөрөнгө оруулах байх. - Дэлхийд CS тоглоомын үзэгч, сонирхогчид маш олон байна. Таны ажигласнаар "The MongolZ"-ийн тоглогчдыг хэрхэн хардаг вэ? - Манай тамирчид харьцангуй тайван хүмүүс. Бусад улсын тоглогчдыг бодвол "The MongolZ"-ийн залуус маш даруухан. Гэхдээ ичимхий даруухан биш. Өөртөө итгэлтэй даруухан байгаа нь хүмүүст таалагддаг. Зөв хүмүүжилтэй, зөв хүмүүс гэж хардаг. Иймэрхүү зүйлийг олон хүнээс сонссон. - CS тоглоомын талаар сайн ойлголтгүй хүмүүс байж магадгүй. Тамирчид олон улсаар явж тэмцээнд оролцож, хэдэн зуун мянган ам.долларын шагнал авч байгаа харагддаг. Энэ тоглоомын цаад зах зээлд хэр хэмжээний мөнгө эргэлдэж байдаг талаар мэдээлэл өгнө үү. - Энэ тоглоомд бууны skin буюу гадна талын өнгө гэдэг чухал зүйл. Бууныхаа гадна талын өнгийг хүмүүс мөнгөөр худалдаж авдаг. Яг үнэндээ CS тоглоомын зах зээл сүүлийн хэдэн жил бага зэрэг уналттай яваа. Оргил үедээ зөвхөн бууны skin-ий зах зээл таван тэрбум ам.долларт хүрч байсан. Одоо бол skin-ий зах зээл хоёр тэрбум ам.доллар эргэлддэг гэсэн тооцоо бий. Нэг хүн сонирхолтой тооцоолол хийсэн байдаг. 2014 онд Катовице тэмцээний Titan эсвэл Ibuypower holo стикэр авсан бол Биткоин авснаас тав дахин илүү ашиг олох байсан. Хүмүүс skin-ийг хөрөнгө оруулалт байдлаар ашигладаг. Нэг хэсэг Биткоин уналтад ороход хөрөнгө оруулагчид нь CS тоглоомын зах зээл рүү орж ирээд skin худалдаж авсан. Харин одоо Биткоин ханш өсөөд skin-ий зах зээлээс гарч байгаа болохоор бага зэрэг уналттай байна. Аливаа медиа салбарт хүмүүс их хандалт аваад эхлэхээр янз бүрийн реклам сурталчилгааны зах зээл хөгждөг. Жишээлбэл "The MongolZ" багийн оролцож байгаа жижиг тэмцээнийг 10,000 орчим хүн үздэг бол EWC-2025 тэмцээнийг 150 мянган хүн үзсэн. Ийм хэмжээний хүнд сурталчилгаагаа хүргэх боломжтой гэсэн үг юм. ""The MongolZ" баг 2023 оны Парисын дэлхийн аваргад оролцохдоо стикэрийн борлуулалтаас дунджаар хоёр сая ам.доллар олсон байх боломжтой гэх тооцоолол бий" Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав - CS тоглоомын тамирчид хэр орлого олдог вэ? - Дэлхийн хэмжээнд яривал тоглогчид сар бүр тогтмол цалин авна. Өндөр зэрэглэлийн тоглогчид сард 3,000-10,000 ам.долларын цалинтай. Харин Monesy, Donk, Zywoo зэрэг шилдэг тоглогчдыг 30,000-50,000 ам.долларын цалинтай гэдэг. Мөн тэмцээний шагналын сангаас тодорхой хэмжээний хувь авдаг. Нэг тэмцээнд оролцоод 500,000 ам.долларын шагнал хожвол тоглогчид 5-8 хувийг нь авдаг. Хамгийн чухал нь тухайн баг дэлхийн аваргад орж чадвал стикэрээс их хэмжээний ашиг хүртэх боломжтой. Энгийнээр тайлбарлавал CS тоглоомын толгой компани тоглогчдыг үнэлэх үүднээс дэлхийн аваргад оролцсон тамирчид өөрсдийн гарын үсгээ тоглоомд оруулдаг. Үзэгчид тоглогчдоо дэмжээд гарын үсгийг нь худалдан авч байгаа гэсэн үг. Ингэхдээ тоглогчдын гарын үсгийг зах зээлийн зарчмаар зарна. Тухайн тоглогчийн стикэрийг хэр олон худалдаж авахаас шалтгаалж баг болон тамирчинд мөнгө өгдөг. 2023 оны Парисын дэлхийн аваргын үеэр хамгийн олон стикэр зарагдсан. Дунджаар тоглогч чансаанаасаа хамаараад хэдэн зуун мянган ам.доллароор тооцогдох ашиг олсон. Францын "Vitilaty" баг тус дэлхийн аваргад түрүүлж, 4.5 сая ам.долларыг зөвхөн стикэр борлуулсны орлогоос авсан. "The MongolZ" баг 2023 оны Парисын дэлхийн аваргад оролцохдоо стикэрийн борлуулалтаас дунджаар хоёр сая ам.доллар олсон байх магадлалтай гэсэн тооцоолол бий. Яг нарийн тоог мэдэх боломжгүй. Харин энэ жилийн Кёльны дэлхийн аваргад оролцсон баг тамирчид маш бага ашиг олсон. "The MongolZ"-ийн хэмжээний шилдэг баг 3-4 жил тогтвортой дэлхийн аварга оролцоод явбал 10 сая ам.долларын ашиг хүртэх боломжтой. Тэгэхээр тоглогч нарын хувьд дэлхийн аваргад оролцох маш чухал. - Энэ тоглоомын тоглогчид маш их ашиг олдог. Монгол тоглогчид ч гэсэн эхнээсээ их хэмжээний ашиг олж байна. Дэлхийн бусад тоглогчидтой харьцуулбал манайхан мөнгөө юунд зарцуулж байна вэ? - Тоглогчид амжилт гаргахын тулд 9-13 наснаасаа тоглож эхэлдэг. Тэгэхээр ямар нэгэн ажил хийж үзээгүй хүмүүс олон байдаг. Миний мэдэх Польшийн хуучны алдартай тоглогчдын зарим нь ганц орон сууц авч чадсан уу үгүй юу зугаа цэнгээнд мөнгөө зарцуулаад дуусгасан байх жишээтэй. Монгол тоглогчдын хувьд өссөн байдал, хүмүүжлээсээ хамаараад аав ээждээ орон сууц авч өгсөн гээд мөнгөө ухаантай зарцуулсан. 2017 оны "OG Mongolz" багийн залуус хүүхдүүдэд зориулаад CS тоглоомын сургалт зохион байгуулж байна. Ерөнхийдөө 2-3 жилийн дараа цахим спорт дэлхийд бүрэн хүлээн зөвшөөрөгдөж эхэлсний дараа мэргэжлийн сургууль хэрэгтэй болно. Жишээлбэл Дани улсад мэргэжлийн сургууль үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр одоогийн "The MongolZ" багийн залуус зодог тайлсны дараа энэ тоглоомын дараагийн хөгжилд хувь нэмрээ оруулж, жижиг бизнесүүд эхлүүлэх байх. Миний сайн найз Польшийн алдартай тоглогч Паша Бицепс (pashaBiceps) өөрийн гэсэн энергийн ундаа гаргаж, цахим спортын сургууль нээсэн. Тоглогч нар зодог тайлсны дараа ихэвчлэн иймэрхүү замнал руу шилждэг. Польшийн "Virtus.pro" баг 2014 оны дэлхийн аваргад түрүүлж, Паша Бицепс шилдэг тоглогчийн шагнал авсан. "Virtus.pro" багийн таван тоглогчийн хоёр нь одоо дасгалжуулагчаар ажиллаж байна. Taz гэх залуу одоо Senzu, mzinho хоёрын дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Польшууд "The MongolZ"-ийг 2014 оны "Virtus.pro" багтай зүйрлэх дуртай. Яагаад гэвэл Польшид тухайн үед энэ тоглоом төдийлөн хөгжөөгүй байсан. Тэр үед яг өнөөгийн "The MongolZ" шиг "Virtus.pro" баг гарч ирээд Польшийг энэ тоглоомд оруулж чадсан. "Миний хувийн бодлоор cobrazera, nin9 нартай бүрэлдэхүүн бол Senzu-г гарснаас хойш хамгийн гоё баг болсон" Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав - Хоёулаа одоо дотоодын баг, тамирчдын талаар ярилцлагаа үргэлжлүүлье. "The MongolZ" багийн амжилт сүүлийн хэдэн сар бага зэрэг муу байлаа. Үзэгчдийн хүлээлтээс үүдэлтэй нэлээд шүүмжлэлд өртсөн. Гэхдээ өнгөрсөн сараас nin9-ийг бүрэлдэхүүндээ оруулж ирсэн. Энэ бүрэлдэхүүн хэр амжилт үзүүлнэ гэж харж байна вэ? - Амьдрал бол уналт босолт. Энгийн хүнд ч нэг өдөр халаасандаа хэдэн сая төгрөгтэй эсвэл нэг ч төгрөггүй үе байдаг. Энэ бол энгийн үзэгдэл. "The MongolZ" баг муудаа биш азгүй цаг хугацаа тохиолоо. Зуны дэлхийн аварга дууссанаас хойш гурав тэмцээнд оролцсоны хоёрт нь дасгалжуулагчгүй, нэг тэмцээнд шинэ бүрэлдэхүүнтэй оролцсон. Чансаа нь бага зэрэг унасан ч гэлээ засах боломжгүй зүйл биш. Миний хувийн бодлоор cobrazera, nin9 нартай бүрэлдэхүүн бол Senzu-г гарснаас хойш хамгийн гоё баг болсон. Cobrazera анх "The MongolZ" багт орж ирэхдээ Senzu-ийн байрлал дээр тоглож байсан учраас бага зэрэг туршлагагүйдсэн. Cobrazera яг үнэндээ дэлхийд үнэлэгдэх хэмжээний anchor байрлалын тоглогч. Өөр байрлал дээр үзвэл гоё болох байх. Эхний улиралд тэмцээнээс тэмцээний хооронд шахуу хуваарьтай явж байсан болохоор бэлтгэл хийх боломжгүй байсан. Nin9 бол асар туршлагатай тоглогч, тоглоомыг унших өндөр ур чадвартай. Хувийн үзүүлэлт сайн байгаа учраас 2027 оноос "The MongolZ" баг буцаад дэлхийн чансааны эхний 15 дугаар байрт орж ирнэ гэж хардаг. /Энэхүү ярилцлагыг "The MongolZ" багийн оролцсон Intel Extreme Masters Beijing 2026 тэмцээн эхлэхээс өмнөхөн хийсэн/ - Tikuak, Darkmeister хоёрыг бүрэлдэхүүндээ оруулсан шийдвэрийг юу гэж хардаг вэ? - Тэр хоёр маш сайн тоглогч гэлээ жаахан азгүй үед ирчихсэн. Controlez гарсны дараа оны эхэн үеэр хэд хэдэн тэмцээнүүдэд дараалж оролцож бэлтгэл хийж чадсан бол боломж байсан. Одоо бол "The MongolZ" багт асар их дарамт шахалт ирж байгаа. Дэлхийн чансааг тэргүүлж, дэлхийн аваргын төлөө тоглож явсан баг одоо ийм уналттай явж байна гэсэн дарамтад Tikuak, Darkmeister хоёр өртсөн. Тэр хоёрт гурван сарын хугацаанд тайван тоглох боломжийг хөгжөөн дэмжигч нар өгөөгүй юм шиг санагддаг. "The MongolZ" баг Tikuak, Darkmeister хоёртой нэг жилийн хугацаанд тоглосон бол буцаад дэлхийн чансааны шилдэг 10-т орчих байсан. Гэвч ийм том багт нэг жилийн хугацаа байхгүй. Одоогийн бүрэлдэхүүн хамгийн хүчтэй байна. - Senzu, mzinho нар өнгөрсөн намраас Европын BC game багт нэгдсэн. Манай хоёр залуу тамирчныг дэлхийн зах зээлд хэр үнэлэгдэж байгаа талаар мэдээлэл хуваалцана уу? - Senzu-г шилдэг тоглогч гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрсөн. HLTV-ийн гаргадаг дэлхийн шилдэг 20 тоглогчийн 13 дугаар байрт бичигдсэн, мөн энэ чансаанд багтсан анхны Ази тоглогч. "The MongolZ" багаас гарахгүйгээр сүүлийн хоёр тэмцээндээ оролцсон бол 2025 онд дэлхийн шилдэг долоон тоглогчийн эгнээнд орно гэсэн таамаглал гарч байсан. Senzu-ийн баг амжилт гаргахгүй бол нөхцөл байдал жаахан хэцүү байгаа. Гэхдээ 1-2 жилийн хугацаанд зөв багаа олж чадахгүй байлаа ч гэсэн түүнд нас болон цаг хугацаа байна. CS тоглоомын тоглогчдын оргил үе 23-25 насанд ирдэг. Тэгэхээр санаа зовох зүйлгүй. Тэр хоёрт боломж их байгаа, гол нь багийн бүрэлдэхүүн тогтворжих хэрэгтэй байна. - Монголын цахим спортын салбарт хөрөнгө оруулалт татаж яваа хүний хувьд цаашдаа энэ салбар хэрхэн хөгжих талаар ямар бодолтой явдаг вэ? - Одоо шинэ залуу тоглогч нарын Англи хэл илүү сайн болж байна. Монгол тоглогч нар гадаадын багуудад тоглож эхлэх байх. Senzu, mzinho тэр замыг гаргаж өгсөн. Миний хүлээлт бол дэлхийн шилдэг багуудын академид 3-5 жилийн дотор Монгол хүүхдүүд сураасай гэж хүсдэг. Энэ спортыг илүү мэргэжлийн талаас нь хөгжүүлэх хэрэгтэй. - Цахим спортын тамирчин болох мөрөөдөлтэй хүүхэд залуучуудад та ямар зөвлөгөө өгөх вэ? - Миний амьдралаас харвал аливаа зүйлийг хийхдээ дуртай байсан. Мөнгө олох гэж хийж байгаагүй. Өөрийнхөө хамгийн чухал гэсэн боловсрол, гэр бүлдээ хангалттай цаг зарцуулахын хажуугаар дуртай зүйлээ хөгжүүлбэл бүх зүйл боломжтой. Би ийм мөрөөдөлтэй болохоор бүх зүйлийг орхиод зөвхөн тоглоно гэдэг санаа надад таалагддаггүй. 13 настай хүүхэд бүх зүйлээ золиослоод 10, 20 мянган ам.долларын цалинтай мэргэжлийн тоглогч болно гэдэг бодол эрсдэлтэй. Боловсролдоо анхаарахын хажуугаар сургуулиасаа ирээд оройд 2-3 цаг чанартай бэлтгэл хийхэд хангалттай. Би нэг удаа Паша Бицепсээс "чиний хамгийн харамсдаг зүйл юу вэ" гэж асууж байсан. Миний асуултад "Би илүү тогловол сайжирна гээд хүчлээд өдөрт 10-12 цаг тоглоод байсан. Яг үнэндээ амьдрал тийм биш. 3-4 цаг чанартай бэлтгэл хийсэн бол яг өнөөдрийн хэмжээнд хүрэх байсан" гэж хариулсан. - Ярилцсанд баярлалаа
