Depository of News

Гэр бүлээс гадуур харилцаанаас хүүхэд төрүүлсэн гадаад эмэгтэйд Саудын Арабын шүүх 100 удаа ташуурдах ял оноожээ

ikon.mn · world

Саудын Араб улсад оршин суудаг Кени улсын иргэн эмэгтэй гэрлэлтээс гадуур хүүхэд төрүүлснийхээ төлөө 100 удаа ташуурдуулах ял сонссон тухай мэдээлэл иржээ. Шариатын хуулийн дагуу тус улсад гэрлэлтээс гадуур бэлгийн харилцаанд орохыг гэмт хэрэгт тооцдог. Гэвч хүний ​​эрхийн байгууллагуудын үзэж байгаагаар энэ хуулийн дагуу эмэгтэйчүүд харьцангуй илүү ихээр шийтгүүлж, хохирдог байна. Тэд энэхүү шийтгэлийг "хүчирхийлэл" хэмээн буруушаадаг. Саудын Арабт гэрлээгүй олон эмэгтэй хүүхэд төрүүлдэг ч Кени гаралтай энэ эмэгтэйн хэрэг эмнэлэгт очсоны улмаас л ил болжээ. Учир нь Саудын Арабын эмнэлгүүд гэрлээгүй эмэгтэй хүүхэд төрүүлсэн тохиолдолд эрх бүхий байгууллагад заавал мэдэгдэх үүрэгтэй байдаг. Персийн булангийн бүс нутагт ажиллаж буй цагаач ажилчдын эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Do Bold" ашгийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч Екатерина Поррас Сиволобова "Тэдний ихэнх нь гэртээ хүүхдээ төрүүлдэг тул эрх баригчдад мэдэгддэггүй" гэж үүнийг тайлбарлажээ. Кени улсын иргэн Эстер Ванжа Мутони нь Саудын Араб улсад гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчаар ажиллахаар очиж байжээ. Тэрбээр Египет улсын иргэн эрэгтэйтэй богино хугацаанд харилцаатай байхдаа жирэмсэлсэн бөгөөд эцэг нь хүүхдээ төрөхөөс өмнө тус улсаас явсан юм байна. "The Guardian" сонины 2024 онд хийсэн судалгаагаар гэрлэлтээс гадуур бэлгийн харилцаанд орсон хэргээр баривчлагдахаас айсан эрчүүд эхчүүдийг хүүхэдтэй нь хамт орхин явсан тохиолдлууд цөөнгүй байгаа нь тогтоогджээ. Өнгөрсөн сард гарсан шүүхийн шийдвэрийн дараа "New York Times" сонинд өгсөн ярилцлагадаа Мутони ташуурдуулах ялыг тэсвэрлэж чадахгүй байх вий гэхээс айж байгаагаа илэрхийлсэн байна. Энэхүү хэрэг нь НҮБ-ын Эмэгтэйчүүд, Охидын эсрэг хүчирхийллийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Рим Алсалемын өнгөрсөн долоо хоногт Саудын Арабт хийхээр төлөвлөсөн айлчлал хойшлогдсон үед ил болжээ. Алсалем айлчлалынхаа үеэр "тодорхой хэргүүдийн нөхцөл байдлыг хөндөж ярилцахаар төлөвлөж байсан. Хэрэв айлчлал ойрын үед болохгүй бол би мандат эзэмшигчийн хувьд албан ёсны сувгуудаар дамжуулан энэ асуудлыг тусад нь хөндөх болно" гэжээ. Их Британид төвтэй "ALQST" (араб хэлээр “шударга ёс” гэсэн утгатай үгийн товчлол) хүний эрхийн байгууллагын захирал Мариам Алдоссари шүүхийн шийдвэрийг хүчирхийллийн нэг хэлбэр гэж дүгнээд хохирогч эмэгтэй шийтгүүлэлгүйгээр Кени рүүгээ буцах ёстойг хэлжээ. “Энэ нь Саудын Арабын нэр төдий шинэчлэлийн цаадах хоёр нүүрийг харуулж байна. Саудын Араб улс эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн, орчин үеийн улс орон болж буйг дэлхий нийтэд харуулахыг тус улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман зорьж байгааг бид мэднэ. Гэтэл шүүхээс нэгэн ээжид 100 удаа ташуурдах ял оноож байх юм” гэж Алдоссари ярьсан байна. 2020 оны дөрөвдүгээр сард Саудын Араб улс шүүхийн шийтгэлийн нэг хэлбэр болох ташуурдах ялыг халж буйгаа зарласан. Гэвч энэ нь зөвхөн шүүгч ялын төрлийг өөрийн үзэмжээр шийдвэрлэх боломжтой “тазир” (ta’zir) гэмт хэргүүдэд л хамаарч байв. ALQST байгууллагын 2021 оны тайланд дурдсанаар ташуурдах ял оноох тохиолдлуудын дийлэнх нь энэ ангилалд багтаж байсан ч согтууруулах ундаа хэрэглэх, завхайрах зэрэг “худуд” (hudud - Исламын хуулийн дагуу ялын хэмжээ нь хатуу тогтоогдсон гэмт хэрэг) ангиллын зарим гэмт хэрэгт ташуурдах ял оноох боломжтой хэвээр үлдсэн байна. Кени улсаас гаралтай эхчүүдийн хэрэгт тусламж үзүүлэх нь бусад орны иргэдтэй холбоотой хэргүүдээс илүү хүндрэлтэй байдаг гэнэ. “Эдгээр эмэгтэйчүүдэд туслах тал дээр би Кени улсын эрх баригчдаас ямар нэгэн дэмжлэг авч чадаагүй” гэж Сиволобова ярьжээ. Эх сурвалж: The Guardian

Read full article →