Depository of News

АНУ дахь элчин сайд нь “гэнэт” нас барсныг ОХУ-ын гадаад хэргийн яам мэдэгдлээ

ikon.mn · world

ОХУ-аас АНУ-д суугаа элчин сайд Александр Дарчиев албан тушаалаа хашиж эхэлснээс хойш ердөө жил хагасын дараа, 66 насандаа "гэнэт" таалал төгссөн тухай тус улсын гадаад хэргийн яамнаас Лхагва гарагт мэдэгджээ. Яамны мэдэгдэлд Дарчиевыг "онцгой дипломатч, туршлагатай удирдагч, нөхөрсөг хамтран зүтгэгч" хэмээн тодорхойлсон байна. Тэрбээр 2025 оны гуравдугаар сард уг албан тушаалд томилогджээ. Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова тусдаа мэдэгдэлдээ түүнийг Москва хотод, тодорхой нэр заагаагүй архаг өвчний улмаас нас барсныг тайлбарласан байна. Дарчиев өмнө нь 2014-2021 онуудад ОХУ-аас Канад улсад суугаа элчин сайдаар ажиллаж байсан юм. Тэрбээр өнгөрсөн жил АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлсний дараахан Вашингтонд томилогдож байв. Дарчиев нь Орос-Америкийн харилцааны чиглэлээр мэргэшсэн бөгөөд 2021-2024 онуудад гадаад хэргийн яамныхаа Умард Америкийн газрын захирлаар ажиллаж байжээ. 2022 онд Орос улс Украины нутаг дэвсгэрт халдан довтлоход Дарчиев уг үйлдлийг "зайлшгүй шаардлагатай арга хэмжээ" гэж тодорхойлж байв. 2025 оны хоёрдугаар сард Истанбул хотод АНУ-тай яриа хэлэлцээ хийх Оросын төлөөлөгчдийн багийг Дарчиев ахалж оролцсон байна. Өөр нэгэн Оросын дипломатч, НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мөн 2017 оны хоёрдугаар сард Нью-Йорк хотод 64 насандаа гэнэт таалал төгсөж байжээ. Чуркин нь 2006 оноос хойш уг албан тушаалыг хашиж, НҮБ-ын Аюулгүй Байдлын Зөвлөлд хамгийн удаан ажилласан элчин сайд байв. Гадаад хэргийн сайд Сергей Лавров түүнийг "онцгой мэргэжилтэн, ард түмний дипломатч" хэмээн өндрөөр үнэлж байсан юм. ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас Дарчиевын оршуулгын ёслол хэзээ, хаана болох талаар мэдээлээгүй байна. Түүний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг хожим зарлах тухай Захаорва мэдэгджээ. Эх сурвалж: AFP

Read full article →