Depository of News

Г.Билгүүн: 12 дугаар сарын 1-нээс нийтийн тээврийн автобуснуудыг шинэ системээр хянана

ikon.mn · world

"Энэ онд нийтийн тээврийн үйлчилгээнд 160 орчим шинэ автобусаар парк шинэчлэл хийж байгаа" хэмээн хотын удирдлагууд хэлж буй. Гэвч нийтийн тээврийн автобус оройн цагаар буюу ажил тарах үеэр хүлээлгэж, иргэд шахалдаж явсаар байна. Түүнчлэн зарим үед UBCARD аппликэйшн ажиллахгүй, автобус ирж байгааг үгүйг харах боломжгүй байдаг аж. Тиймээс нийслэлийн төсвөөс автобус бүрд GPS суурилуулж, хаана явж байгааг нь иргэдэд харуулдаг болгох саналыг зарим НИТХ-ын төлөөлөгч гаргасан юм. Уг асуудалд Нийтийн Тээврийн Бодлогын Газрын дарга Г.Билгүүн "2024 оноос автобусны парк шинэчлэлтэй уялдуулан нийтийн тээврийн автобусны цахим төлбөрийн болон удирдлага хяналтын дэд системийг ашиглалтад оруулсан. Уг систем нь автобусны байршлуудыг бодит цагийн горимоор харуулдаг. Зарим үед серверийн алдаа, сүлжээний тасалдал гарч байгаа. Хөгжүүлэгч компани болон ашиглагч "Улаанбаатар смарт" компани системийн хөгжүүлэлтийг байнга хийж байна. Системийг хүлээж авах комисс саяхан ажиллаж, 12 дугаар сарын 1-нээс хуучин системийг зогсоож, шинэ системээр гүйцэтгэл гаргах, хяналтаа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ сард нийтийн тээврийн шинэ системд гарч байгаа алдааг засварлаж, бүрэн шилжилт хийхэд бэлэн болж байгаа" гэсэн тайлбарыг хийлээ. Нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1,180 гаруй автобус үйлчилгээнд явдаг бол иргэдээс 70044040 дугаарын утсанд өглөөдөө хоёр цагийн хугацаанд дунджаар 20 гаруй орчим санал, хүсэлт ирдэг байна. Сануулахад БНСУ-ын Газар, Дэд бүтэц, Тээврийн Яамны төлөөлөл "Улаанбаатар хотод нийтийн тээврийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна төрөл, чиглэл, үйлчилгээний чанарыг хөгжүүлэх нь чухал"-ыг зөвлөөд байгаа билээ.

Read full article →