"Авлига албан тушаал, төрийн өмч хөрөнгө, төсөвтэй холбоотой зүйлийг баримтад тулгуурлан шүгэл үлээсэн бол гүтгэх гэмт хэрэгт хамаарахгүй"
Засгийн газрын ээлжит өнөөдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг УИХ-д яаралтай өргөн барихаар шийдвэрлэжээ. Тус хуулийн онцлог заалтын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Засгийн газрын хуралдааны дараа Төрийн ордонд мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдөр авлига албан тушаалын гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор авлигын төсөөллийн индекс сүүлийн жилүүдэд унасан. Энэ дээр суурь тогтолцооны шинэчлэл хийхгүй бол нөхцөл байдал сайжрах төлөв ажиглагдахгүй байна. Тиймээс Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулсан. Шүгэл үлээгч нь амаар, цахимаар, бичгийн хэлбэрээр мэдээлэл гаргах боломжтой. Хууль бус зүйлийг мэдээлэх эрхийг хуулийн хүрээнд бий болгоно. Шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах бодлогыг хуульчилсан. Хэн нэгэн авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, зөрчил үүсгэсэн, хууль зөрчсөн бол түүнийг мэдээлэх эрх зүйн орчныг бий болгож байна. Хууль зөрчсөн үйлдлийг Шүгэл үлээгчийн тухай хуулиар хамгаалж, тухайн үйлдлийг мэдээлэх эрх зүйн орчныг бий болгоно. Шүгэл үлээгчийг ялгаварлан гадуурхах асуудлыг хуулийн хүрээнд хамгаалж өгнө. 5-аас дээш хүнтэй байгууллага дээр шүгэл үлээгчийг хамгаалах, мэдээлэх бүтэц байх зохицуулалтыг оруулсан. Мэдээлэл өгч буй шүгэл үлээгчийн нууцлалыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бий болгохоороо онцлогтой. Нөгөө талдаа хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй. Хэн нэгнийг худал мэдээллээр гүтгэх, гүжирдэх асуудлыг хориглох зайлшгүй шаардлагатай. Худал мэдээлэл болохыг мэдсээр байж шүгэл үлээсэн, баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, баримт олж авах явцдаа гэмт хэрэг үйлдсэн байвал хариуцлагаас чөлөөлөх баталгаа үйлчлэхгүй. Хууль зөрчиж гүтгэх, гүжирдэх, худал мэдээлэл түгээх асуудлыг хуулийн хүрээн хариуцлагажуулж байгаа. Авлига албан тушаал, төрийн өмч хөрөнгө, төсөв, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн зүйлийг бодитой мэдээлэл, баримтад тулгуурлан шүгэл үлээсэн бол гүтгэх гэмт хэрэгт хамаарахгүй. Тун удахгүй гүтгэх гэмт хэргийг хуульчилж оруулж ирнэ" гэв.
