"Би долоон хүүхдийн аав. Шударга ёсны яам гэж ярьдаг ХЗДХЯ-ны харьяа төсөлд итгэж байр захиалаад залилуулчихлаа"
“Бриллиант апартмент-1” төслийн хохирогчид олон нийтэд хандан хэвлэлийн хурал зохион байгууллаа. Тэдний зүгээс "Барилгын залиланд Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам (ХЗДХЯ), Хууль зүйн үндэсний хүрээлэн гэх хуулийн байгууллагуудын оролцоо байгаа юм биш биз" гэдэг асуудлыг дэвшүүлэн дараах мэдээллийг өгсөн юм. Тус төслийн хохирогчид анх захиалга өгөхөд: Гүйцэтгэгч “Бриллиант партгер” ХХК нь иргэдэд хандан “ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн газар дээр орон сууцны төслийг хэрэгжүүлж байгаа. Эдгээр байгууллагатай гэрээтэй ажиллаж төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны төсөл хэрэгжүүлнэ" гэсэн мэдээлэлд итгэж захиалга өгсөн талаараа хэлж байлаа. Гэвч орон сууцны асуудалд ХЗДХЯ, Хууль зүйн үндэсний хүрээлэн өнөөг хүртэл анхаарал хандуулахгүй байгаа тухай хэлэв. Гурван өрөө байр захиалж хохирсон иргэн "Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны харьяа төсөлд байр захиалаад өнөөдөр тартагтаа тултал явж байна. Тус төслийн орон сууцанд итгэж 2023 оны тавдугаар сард 74 метр квадрат гурван өрөө байр захиалсан. Тухайн үед ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн газар дээр захиалга авч байгаа учраас итгэсэн. Төлбөрөө 100 хувь төлсөн эсвэл бартер өгөх тохиолдолд 2026 онд ашиглалтад оруулна гэж хэлсэн. Иргэд бид юунд итгэсэн бэ? Монгол Улс чинь хууль, дүрэмтэй. Тиймээс ч ХЗДХЯ-ны харьяа юм байна. Дээрээс нь Хууль зүйн хүрээлэнгийн газар дээр нь захиалга авч байгаа юм байна. Тэгвэл "Бриллиант партнер” компани нь бидний хувьд долоо хэмжиж нэг огтолсон гэдэгтэй адилхан юм байна гэж бодсон. Гэтэл өнөөдрийн дүр зураг ийм байна. Сүүлдээ арга барагдахдаа “Талст өргөө бидний гэр” гэх ТББ-ыг хохирсон иргэд нэгдэж байгуулсан. Энэ улс оронд нэг айл ч гэсэн яндангаасаа салж байвал хувь нэмрээ оруулна биз дээ. Гэтэл ингэж тартагт тултал явуулж байгаа юм уу. Төр засаг нь яагаад ард иргэдээ хайрладаггүй юм бэ" гэлээ. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Үргэлжлүүлэн "ХЗДХЯ орон сууцны залилангаас болж хохирсон иргэдийн хохирлыг барагдуулахад анхаарч ажиллаж байгаа нь сайшаалтай. Тэд нарт баярлалаа гэж хэлье. Гэхдээ ямар ч туршлагагүй "Бриллиант партнер” компанид дахин төлөвлөлтөөр дээрээс нь газрыг нь олгож, дэд бүтцийг нь шийдээд 16 давхар болтол барьчхаад одоо энэ байрыг яагаад царцаасан юм бэ гэдгийг асууя. Энэ төсөлд орон сууц захиалаад хохирсон салбарын албан хаагчдаа хамгаалдаггүй юм уу. Хууль зүйн хүрээлэн гэдэг албан байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Бид нарт хэлэхдээ төрийн тусгай албан хаагчид энэ байрыг захиалсан учраас шат дараатай арга хэмжээ авна гэсэн. Би долоон хүүхдийн аав. Нэг хүүхдийг тэжээхэд хэдэн төгрөг зарцуулж байгаа билээ. Байрны түрээс одоо хэдэн төгрөг болчихсон байгаа билээ. Би хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдаад группт байдаг. Олсон хэдэн төгрөгөө Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн харьяаллын газар дээр нь итгээд өгсөн. Итгэл үнэмшлээ цаг хугацаатай нь хамт зарцуулж байр захиалсан. Бид нар хулгай, залилан хийгээд энэ байрыг захиалаагүй шүү дээ. Бид ариун цагаан хөдөлмөрөөрөө өргөө гэрээ авахын тулд мөнгөө өгсөн. Сүүлдээ бид эрүүл мэндээрээ хохирч байна. Ийм байдалд хүргэж байгаа асуудлыг ХЗДХ-ийн сайд анхаараач ээ. Бид сайдтай уулзах болно" гэлээ. "60 гаруй айлын нэгтгэсэн дүнгээр ₮5 орчим тэрбумыг цуглуулж, тус төсөлд хөрөнгө оруулсан" Захиалагч н.Жавхлан "Уг төсөл нь Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны ажилчдын байр бөгөөд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн газар дээр 2018 оноос эхэлж баригдсан барилга. Нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо буюу Их засаг их сургуулийн баруун талд байрладаг. ХЗДХЯ-ны захиалгаар баригдсан уг барилга нь 160 айлын орон сууц. Үүнээс тус яамны ажилчид нь 60 орчим айл байгаа. Үлдсэн 100 гаруй айл нь 50-100 хувийн бэлэн төлөлтөөр мөнгөө төлсөн. ТББ байгуулсан гол шалтгаан нь: Бидний дунд гадаадад ажиллаж, амьдарч буй гадаадаас захиалга өгсөн эсвэл хөдөө орон нутгаас захиалга өгсөн олон хүн бий. Одоогоор 60 гаруй айл бидэнтэй нэгдсэн. Үлдсэн айлуудтайгаа хамтдаа тэмцэхээр ТББ байгуулсан. Өнөөдрийн 60 гаруй айлын нэгтгэсэн дүнгээр 5 орчим тэрбум төгрөг цуглуулж, “Бриллиант апартмент-1”-д хөрөнгө оруулсан байна. Үлдсэн 40 айлыг нэмж үзвэл 10 орчим тэрбум хохирлын дүн гарах байх" гэдгийг хэллээ. Мөн хохирогч иргэн "Би 2022 онд “Бриллиант апартмент төсөл 1” буюу ХЗДХЯ, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн газар дээр баригдаж байгаа байранд захиалга өгч, 2022 оноос хойш байрандаа орж чадахгүй хохироод байгаа. Хүн болгоны энэ байранд итгэж, сонголт хийсэн гол шалтгаан нь ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захиалгаар баригдаж байгаа гэдэгт итгэсэн явдал. Энэ байрны захиалагчид: 100 орчим нь хувь захиалагч 60 гаруй нь Хууль зүй, дотоод хэргийн яамны ажилчид байна. Гол асуудал нь санхүүгийн чадамжгүй, хүний нөөцгүй, тусгай зөвшөөрөлгүй байгууллагыг ХЗДХЯ, Хууль зүйн үндэсний хүрээлэн ямар шалгуураар сонгон шалгаруулсан бэ. 16 давхар барилгыг сонгон шалгаруулж, бариулчхаад иргэдийг хохироход хүргэсэн энэ асуудлаар тус яамны төлөөлөл бидэнтэй уулзаж мэдээлэл өгөөч ээ. Нуулгүй хэлэхэд байрандаа орж чадаагүй 60 хүн үг хэлж чадалгүй өдий хүрлээ. Төрийн албан хаагчийн тангараг гэдэг шалтгаанаар юу ч хэлээгүй. ХЗДХЯ-ыг шударга ёсны яам гэж ярьдаг байтал ажилчид нь өөрсдөө байрандаа орж чадаагүй, мөн захиалга өгсөн иргэд хохирсон. Энэ асуудлыг анхаарч, биднийг орон байранд маань оруулж өгөөч. “Бриллиант апартмент-1” төслийг авч хэрэгжүүлээд дуусаагүй байхад "Бриллиант-2" төслийг НЗДТГ-аас томилоод биднээс гадна 850 хүнийг хохироход хүргэлээ. Барилгатай холбоотой хяналт шалгалт хийдэг, тусгай зөвшөөрөл өгдөг том том газрууд нь яаж гэрээ байгуулж чадсан юм бэ" гэлээ.
