Оюу толгой 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгджээ
2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар Оюу толгой болон Рио тинто группээс ногдол ашгийн талаар албан ёсны захидал ирүүлснийг Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар танилцууллаа. Ямар хуваарийн дагуу яаж олгох дээр Сангийн сайд З.Мэндсайханаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм байна. Уг захидалд "Монгол Улсын Ерөнхий сайд болон Рио тинто группын гүйцэтгэх захирлын уулзалтын үеэр талууд Оюу толгой ХХК-аас 2027 онд хувьцаа эзэмшигчдийн хувь хэмжээнд тэнцүүлэн ногдол ашиг олгох талаар санал солилцсон. Үүний дагуу Засгийн газраас 2027 онд Оюутолгой ХХК-аас 3 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан бид төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ нь Оюу толгой ХХК-ийн 2027 онд улсын төсөвт төвлөрүүлэх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад хураамж төлбөрөөс гадна төлөх дүн байх юм. Бид Монгол Улсын Засгийн газартай хамт нягтран ажиллаж, Оюу толгой ХХК-ийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ Монгол Улсад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж эдгээр боломжийг бодит үр дүн болгоход итгэлтэй байна. Хүндэтгэсэн Оюу толгой ХХК-ийн захирал С.Мөнхсүх, Рио Тинто зэсийн группийн Монгол дахь захирал Б.Дуламсүрэн" гэжээ.
