Олимпын гурав, дэлхийн 11 алттай жүдоч Тедди Ринье Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэв
Олимпын гурван алт, хоёр хүрэл, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс 11 алт, нэг мөнгөн медаль хүртсэн жүдоч Тедди Ринье 2027 онд болох Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ өөрийн цахим хуудсаар дамжуулан өнгөрсөн Даваа гарагт зарлалаа. Их спортын ертөнцөд нэр хүндтэй ч улс төрийн хувьд туршлагагүй түүнийг ийн мэдэгдсэнд олон нийт гайхаж хүлээж авсан. Хэдийгээр улс төрийн албан тушаал хашиж байгаагүй боловч өдгөө 37 настай франц эр энэ салбарт сонирхолтой гэдгээ нэг бус удаа илэрхийлж байв. Харин 2028 оны Лос-Анжелесын олимпод бэлдэхийн зэрэгцээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргасан нь олон хүнийг гайхахад хүргэсэн юм. Хэдийгээр мөрний бэртлийн улмаас тэмцээнд оролцох нь цөөрсөн ч олимпод дөрөв дэх алтан медалиа хүртэх зорилгоосоо тэр ухраагүй байгаа. Холимог багийн амжилтыг нь оруулаад тэр олимпоос таван алтан медаль хүртсэн нэгэн. Гэхдээ ганцаарчилсан төрөлд алтан медалийнхаа тоог нэмбэл ганцаараа рекорд эзэмших билээ. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноор их спортоосоо зодог тайлах уу гэсэн асуултад франц эр олон нийтээс дэмжлэг авбал хоёр зорилгоо биелүүлэхэд саад болох зүйлгүй гэсэн юм. Францчуудын хувьд алдартай жүдоч нь улс төрд орсон шинэ тохиолдол биш юм. Өмнө нь олимпын хошой алт, дэлхийн дөрвөн удаагийн аварга Давид Дуйе Францын Үндэсний Ассамблейн гишүүнээр сонгогдсон төдийгүй 2011-2012 онд тус улсын Спортын сайдаар ажиллаж байв. Эх сурвалж: Judo Inside
