"Буга бол зэрлэг амьтан! Аюул мэдрэх үедээ өөрийгөө хамгаалах зорилгоор хүн рүү дайрах, мөргөх эрсдэлтэй"
Сүүлийн үед Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд зэрлэг буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгдэж байгаатай холбогдуулан иргэд, аялагчдад дараах сэрэмжлүүлгийг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас гаргажээ. Буга бол зэрлэг амьтан учир айж цочих, аюул мэдрэх үедээ өөрийгөө хамгаалах зорилгоор хүн рүү дайрах, мөргөх эрсдэлтэйг анхааруулав. ДАЙРАХ, ДОГШРОХ ШАЛТГААН: Орооны үе: Хавар, намрын орооны үед эр буга сүргээ хамгаалах, өрсөлдөгчөө хөөх зэргээр түрэмгий зан авир гаргаж болзошгүй. Гараас хооллох: Хүнээс хоол нэхэж дассан буга хоол булаацалдах, ойртсон хүнийг мөргөх эрсдэлтэй. Хэт ойртох, цочоох: Зураг авах, хүрэх зорилгоор ойртох, үргээх зэрэг нь амьтныг цочроож, дайрах нөхцөл үүсгэдэг. ИРГЭД ТА БҮХЭН ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ МӨРДӨНӨ ҮҮ! Зэрлэг амьтныг хөөх, үргээх, барих оролдлого хийхгүй байх. Буга болон бусад зэрлэг амьтныг хооллох, гараас хоол өгөх, хүрэхгүй байх. Зураг авах зорилгоор хэт ойртохгүй, цочоохгүй байх. Чулуу шидэх, цохих зэрэг өдөөн хатгасан үйлдэл гаргахгүй байх. Буга догшин, тайван бус авир гаргавал ойртохгүй, аюулгүй зай барьж, тайван холдох. МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УТАС: Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын захиргаа: 7707-0840 Шуурхай удирдлагын төв: 11-31-00-05 Зэрлэг амьтныг хамгаалах нь бидний үүрэг. Өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, байгальд зөв боловсон аялахыг уриалав.
