19 дэх удаагийн “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Судар бичгийн хүрээлэнгээс эхтэй Шинжлэх ухааны академид хүртээлээ. Монголчуудын эрдэм ухааныг эрхэмлэн дээдэлж, эрдэмтэн мэргэдээ хүндэтгэн ирсэн түүхэн уламжлалыг орчин цагийн шинжлэх ухааны тогтолцоотой холбон хөгжүүлж, үндэсний эрдэм судлалын чадавхыг төлөвшүүлэн, эх хэл, түүх, соёлын өвийг судлан шинжилж, олон улсад сурталчлан таниулж, эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь ийнхүү үнэлж байна гэв. 1921 онд Судар бичгийн хүрээлэн байгуулагдсан нь үндэсний шинжлэх ухааны байгууллагын эх суурь болсон түүхтэй. Хүрээлэн 1931 онд Шинжлэх ухааны хүрээлэн, 1957 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн, 1961 онд БНМАУ-ын Шинжлэх ухааны академи, 1992 оноос Монгол Улсын Шинжлэх ухааны академи нэртэйгээр эрдэм судлалын ажлыг удирдан зохион байгуулж иржээ. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг: 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, 2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, 2010 онд төр, нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Р.Гончигдорж, 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, 2012 онд УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл, 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, 2014 онд нэрт эрдэмтэн, физикч, академич Х.Намсрай, 2015 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар, 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр, 2019 онд The Hu хамтлаг, 2021 онд сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа, 2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин, 2022 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов, АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэтерфорд, 2023 онд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга, 2024 онд НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, 2025 онд Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич С.Нарангэрэлд хүртээжээ.
