Тамаваши Б.Мөнх-Оргил ёкозүна асан Кисеносатог гүйцэв
Мэргэжлийн сүмогийн 11 дүгээр сарын башё эхэллээ. Сүүлийн үед бэртлийн улмаас сайн барилдахгүй байгаа ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн энэ тэмцээнд эргэн ирсэн. Ингэхдээ тэр тааруухан барилдвал зодог тайлах эрсдэлтэй байгаа. Хэдийгээр эрсдэлтэй шийдвэр гаргасан ч С.Бямбасүрэн эхний хоёр өдрөө давлаа. Том цолтой бөхчүүдээс озеки Киришима Б.Лхагвасүрэн эхний хоёр өдрөө дараалан ялсан бол ёкозүна Оносато, озеки Аонишики, Котозакүра нар эхний өдөр унажээ. Дээд зиндаанд барилдаж буй бөхчүүдээс хамгийн ахмад нь болох зүүний маэгаширагийн 15-д жагсаж байгаа Тамаваши Б.Мөнх-Оргил эхний өдөр Деванорюү Т.Тэмүүлэнд ялагдсан ч өнөөдөр Токихаятэг давлаа. Ингэснээр тэр мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 715 ялснаар ёкозүна асан Кисеносатог гүйцэв. Дээд зиндаанд хамгийн олон ялсан бөхчүүдийг ёкозүна асан Хакүхо 1,093 даваагаар тэргүүлдэг билээ. Түүний араас озеки асан Кайо 879 ялалтаар бичигддэг юм. Харин энэ жагсаалтын эхний 10-т бичигдэж байгаа бөхчүүдээс хамгийн бага цолтой нь Тамаваши юм. Цагтаа сэкивакэ цолд хүрч явсан Б.Мөнх-Оргил дахин дөрөв давахад урдаа яваа озеки асан Котошогикүг гүйцэж, жагсаалтын зургаад бичигдэх боломжтой юм.
