Depository of News

"Ирвэс, хавтгай, мазаалай зэрэг ховор амьтдын амьдрах орчин руу дайран өнгөрөх замын зөвшөөрлийг олгосон нь хууль бус"

ikon.mn · world

" Нүүдлийн зам уу, Нүүрсний зам уу?" сэдэвт хэлэлцүүлгийг Галерей Улаанбаатарт өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр дархан цаазат амьтдын өлгий Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосонбумбын нуруу, Монголын хээр талын гайхамшиг Говь Гурвансайхан нутаг дахь амьтдын бэлчээр сэлгэлтийг тасалж буй нүүрс тээврийн замуудын талаар хэлэлцлээ. "Гурвантэс суманд ан амьтан амьдрах нь битгий хэл хүн амьдрахад хүртэл хэцүү болсон" Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн "Хамгийн гол нь хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах нь чухал байна. Гэвч дуугарсан болгоныг тэдгээр уул уурхайн компани шүүхэд өгчихдөг. Тэд мөнгөтэй төгрөгтэй, хуулийн зөвлөхтэй байдаг юм байна. Нутгийн иргэд бидэнд юу байх вэ. Гурвантэс суманд ан амьтан амьдрах нь битгий хэл, хүн амьдрахад хүртэл үнэхээр хэцүү болсон. Манай нутагт мазаалай ч байсан, хавтгай ч байсан, хулан ч байсан. Гэтэл цахилгаан шугам бий болсноос хойш үзэгдэхээ больсон" гэлээ. "Зам, тээврийн яамны бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гарын үсэг зурж зөвшөөрөл олгосон нь хууль зөрчсөн" Үүсээд буй нөхцөл байдлын талаар хуульч, өмгөөлөгч Д.Дашдэмбэрэл ээс тодруулахад "2026 оны дөрөвдүгээр сараас эхлэн “Сэкер Ресурс Монголиа”, “Алтаргана хайрхан” гэх хоёр компанийн тусгай зориулалтын авто замын асуудалтай холбоотойгоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдэд хууль зүйн зөвлөгөө, туслалцаа өгч байна. Улмаар замын байгууламж барих ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хаанаас олгох ёстой, хууль тогтоомжид нийцсэн эсэх агуулгаар ажиллаж эхэлсэн. Замын маршрут, замын трасс, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь 3-4 жилийн өмнө батлагдсан байсан. “Сэкер Ресурс Монголиа” компанийн замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь 2024 оны арваннэгдүгээр сард олгогджээ. “Алтаргана хайрхан” компани буюу Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших хуурай талын уурхайгаас Хүрэншанд-Нарийнсухайт чиглэлийн авто замд 244 километр тусгай зориулалтын авто замын зөвшөөрөл нь 2026 оны дөрөвдүгээр сард олгогдсон байдаг. Дээрх хоёр зөвшөөрлийг Зам, тээврийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Замын ашиглалт, засварын хэлтсийн даргын гарын үсэгтэй олгожээ. Авто замын тухай хуулиар энэ зөвшөөрөл ямар байдлаар олгогдсон, гэрээ байгуулсан эсэхийг харахад Зам, тээврийн яамтай зам барих, ашиглах гэрээгээ байгуулсан, зөвшөөрлийг нь олгосон. Хууль ёсных юм шиг мөртлөө нэг асуудал бий. Авто замын барилга байгууламж барих энэ зөвшөөрөл нь Амьтны тухай хуулийг хөндөж байна. Амьтны тухай хуульд зааснаар нэн ховор амьтанд хамаарагдах цоохор ирвэс, хавтгай, мазаалай, хулан зэрэг амьтдын амьдрах орчин руу шууд дайрч өнгөрч буй зам. Эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагуудын тавьсан илтгэл дээр энэ замын байгууламж хэчнээн эдийн засгийн ач холбогдолтой ч зэрлэг амьтдад ямар их хор хөнөөлтэй болохыг дурдсан. Амьтны тухай хуулийн долоодугаар зүйлийн 7.4-т зааснаар нэн ховор амьтны амьдрах нутагт хүнд үйлдвэр, цахилгаан станц, химийн үйлдвэр байгуулах, авто болон төмөр зам тавих, уул уурхайн олборлолт явуулах, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх асуудлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтийг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ. Амьтны тухай хуулийн 7.1-д нэн ховор амьтанд мазаалай баавгай, хавтгай, тахь адуу, цоохор ирвэс зэрэг амьтан багтана. Энэ бол гарцаагүй байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг нь үндэслэж Засгийн газар дээр шийдвэрлэх ёстой асуудал байхад Зам, тээврийн яамны бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч хүн гарын үсэг зураад зөвшөөрөл олгосон нь хууль зөрчсөн гэж харж байгаа. Зөвшөөрлийг хүчингүй болгох талаар Зам тээврийн сайдад хүсэлт гаргасан боловч одоогоор хариу ирээгүй. Төрийн байгууллагын албан тушаалтан өргөдөл гомдол шийдвэрлэх хугацаа нэг сар байдаг. Есдүгээр сарын 30-нд гомдол гаргасан ч сар гаруй хугацаа өнгөрчихлөө. Зам, тээврийн яам өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаараагүй асуудлаар зөвшөөрөл олгосон учраас илт хууль бус захиргааны акт гэдэг үндэслэлээр шүүхэд хандаж тогтоолгох нөхцөл байдал үүсээд байгаа" гэдгийг хэллээ. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших Хуурай талын уурхайгаас Хүрэншанд-Нарийнсухайтын чиглэлийн 244 километр авто зам нь олон улсын болон Монгол Улсын Улаан номонд цоохор ирвэс, мазаалай, хавтгай, хулангийн үндсэн байршил нутаг нүүдэл шилжилт хөдөлгөөний замтай шууд давхцаж байгаа аж. Зам, тээврийн яамтай нүүрсний замыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглах, шилжүүлэх гэрээ хийсэн хоёр компани Баянхонгор, Өмнөговийн нутгийг тасалж малчид, амьтдын эрхийн зөрчиж буй асуудлыг ийнхүү хөндөв.

Read full article →