Depository of News

"The MongolZ" баг дэлхийн чансааны шилдэг аравт эргэн орж ирлээ

ikon.mn · world

Цахим спортын Counter Strike-2 тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн Intel Extreme Masters Beijing 2026 тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж, өчигдөр аваргаа тодрууллаа. Аваргын төлөө манай улсын "The MongolZ" баг Европын "MOUZ"-тай тоглож, 0:3 онооны харьцаатай хожигдож, дэд байр эзлэв. Улмаар 210,000 ам.долларын шагнал халаасалж, сайн амжилт гаргалаа. Түүнчлэн "The MongolZ" багийн хувьд урт хугацааны уналтын дараа томоохон тэмцээний аваргын төлөө тоглосноороо онцлог болов. Учир нь тэд зургаадугаар сард зохион байгуулагдсан зуны дэлхийн аваргын дараа хоёр шинэ тамирчны бүрэлдэхүүнтэйгээр гурван томоохон тэмцээнд оролцсон боловч сайн амжилт үзүүлж чадаагүй. Үүнээс шалтгаалан долоодугаар сард дэлхийн чансааны шилдэг 15-т бичигдэж байснаа доошилж эхэлсэн. Тодруулбал Г.Есүнтөмөр бүрэлдэхүүнд шинээр орж ирэх үеэр буюу аравдугаар сарын 20-ны байдлаар дэлхийн чансааны 54 дүгээр байрт бичигдэж байлаа. Тиймээс аравдугаар сарын сүүл болон энэ сарын эхээр зохиогдох тэмцээнүүдэд өндөр амжилт гаргаж, дэлхийн чансаагаа ахиулах хүндхэн даваатай нүүр тулсан. Улмаар өнгөрсөн аравдугаар сарын 22-ны өдөр Сербийн Белград хотод зохиогдсон тэмцээний аваргын цом өргөж, дэлхийн чансааны 24 дүгээр байр руу дэвшсэн. Аравдугаар сарын сүүлийн долоо хоногт Румыний Бухарестад зохиогдсон тэмцээнд хэсгийн шатнаас хасагдсан ч гэлээ дэлхийн чансааны 17 дугаар байр руу дэвшиж чадсан. Ийнхүү энэ сарын эхээр БНХАУ-ын Бээжин хотноо зохиогдсон Intel Extreme Masters Beijing 2026 тэмцээний дэд байрт шалгарснаар дэлхийн чансааны есдүгээр байрт бичигдэж, урт хугацааны уналтын дараа дахин дэлхийн шилдэг 10 багийн тоонд эргэн орж ирлээ. Томоохон тэмцээнүүдэд урилгаар тоглохын тулд заавал дэлхийн чансааны шилдэг 12-т багтсан байх шаардлагатай. "The MongolZ" багийн хувьд 2027 оны хоёрдугаар сард зохиогдох тэмцээнүүдэд урилгаар оролцох боломж нэмэгдэж байна. "The MongolZ" багийн оролцох дараагийн тэмцээн энэ сарын 24-нөөс Сингапурт эхлэх дэлхийн аварга шалгаруулах "PGL Major Singapore 2026" байх юм. The Mongolz багийн чансаа

Read full article →