Depository of News

"Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын санхүүжилтийн үед 110 сая ам.долларыг авлигад тараасан гэдэг нь үндэслэлгүй зүйл"

ikon.mn · world

Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ энэ оны гуравдугаар сарын 23-нд тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Б.Энхбаярыг Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-т шалгуулахаар хандсан. Мөн энэ үеэрээ "Тавантолгой төмөр замын ТУЗ-ийн дарга н.Мэргэн гэж хүний шийдвэрээр анхны 110 сая ам.доллар "Эрдэнэс Монгол"-оос "Тавантолгой төмөр зам" руу, "Тавантолгой төмөр зам"-аас "Бодь интернэшнл" рүү шилжсэн. Энэ гүйлгээг оройд нь бэлнээр гаргаад зарим мөнгийг хүүхдийн парк дээр, зарим мөнгийг олон нийтийн саунд, зочид буудалд, төрийн тусгай хамгаалалттай объектуудад уг гэрээг байгуулахад оролцсон улстөрчдөд 110 сая ам.доллароо хувааж тараасан" гэж мэдэгдсэн. Энэ нь нотлогдсон эсэхийг сэтгүүлчид өнөөдөр АТГ-аас тодруулав. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн "Товч мэдээлэл өгье. Прокурорын зөвшөөрөл энэ хэрэгт гараагүй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой төмөр зам", "Бодь интернэшнл" группийн хооронд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийн үед 110 сая ам.долларыг авлигад тараасан гэх мэдээлэл гарсан. Мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. "Бодь"-ийн төсөл нь бүрэн хэрэгжээд дууссан. "Бодь интернэшнл"-ийн Тавантолгойн төмөр замын төслийг хэрэгжүүлсэн 2020-2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд нь олон улсын аудитын эрх бүхий хоёр компани хяналт шалгалт хийсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад аудитлагдсан тайлангуудыг гаргуулж аван санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Одоо тогтоогдож буй нөхцөл байдлаар бол урьдчилгаа төлбөрт 110 сая ам.долларын, ер нь ам.долларын гүйлгээ огт хийгдээгүй. 110 сая ам.доллар буюу их хэмжээний ам.долларыг бэлнээр зарлагадсан баримт тогтоогдоогүй. Харин урьдчилгаа төлбөрт 286 тэрбум төгрөг олгосон төгрөгийн гүйлгээний баримт байгаа. Тэгэхээр олон нийтийн дунд яригдаж байгаа шиг 110 сая ам.доллар бэлнээр аваад зарлагадаж тараасан гэдэг нөхцөл байдал худлаа, үндэслэлгүй зүйл" гэлээ.

Read full article →