Depository of News

Ц.Баатархүү: Танилынхаа асуудлыг шийддэг, намынхаа, сонгогдсон тойргийнхоо хүнд давуу эрх олгодог ялзарсан байдлыг өөрчлөх тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ

ikon.mn · world

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар Ц.Баатархүү нарын гишүүдийн боловсруулсан Төрийн үйлчилгээний дарааллыг ил тод болгох тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй танилцаад, хэлэлцэх батлах нь зүйтэй гэж үзсэн байна. Уг тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Баатархүү “Иргэдийн зүгээс АН-ын бүлэг болон Өргөдлийн байнгын хороонд хандан төрийн үйлчилгээний дарааллыг ил тод болгож өгөөч гэдэг хүсэлтийг удаа дараа ирүүлдэг. Төрийн үйлчилгээ ил тод байна гэдэг хуулийн заалттай ч хэрэгжихгүй, иргэдийн мэдэх эрхийн хангахгүй байна. Иргэдийн дунд газраа өмчилж авах хүсэлтээ цахимаар гаргасан ч таг чиг байсаар 10 жил болж байгаа жишээ бий. Хөнгөлөлттэй зээлээр орон сууцны зээлд хамрагдах хүсэлт гаргасан иргэдийн тоо давхардсан тоогоор 47-50 мянгад хүрсэн. Энэ хэвээр үргэлжилбэл хүсэлт гаргасан иргэн 7-8 жил хүлээхээр байна. Орон сууц түрээслээд өмчлөх, газар эзэмших, жижиг дунд үйлдвэрлэлийн зээл эсвэл боловсролын зээлд хамрагдах зэрэг үйлчилгээг цахимаар авдаг боловч цаана нь ажлын хэсэг гэдэг хүмүүс танил талдаа үйлчлээд байна гэдэг хардлага маш их байгаа учраас төрийн үйлчилгээний дарааллыг ил тод болгоё гэж байгаа юм. Ингэхдээ тухай иргэн хувийн мэдээллээ нууцлаад тодорхой цифрээр өөрийнхөө дарааллыг харах, ямар хугацааны дараа миний асуудал шийдэгдэх вэ, миний өмнө хэдэн хүн байна вэ гэдгээ мэдэж, би яагаад тэнцэхгүй байна вэ, аль үзүүлэлт дээрээ бага оноо авч вэ гэдгээ өөрөө шалгах боломжийг олгодог болох тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачиллаа. Энэ тогтоолын төсөл батлагдвал цахим нэрээр цаана нь хүмүүс шийддэг асуудал алга болно. Хуваарилалтыг хэн нэгэн хийдэг, танил талынхаа асуудлыг шийддэг, намынхаа, сонгогдсон тойргийнхоо хүнд давуу эрх олгодог ялзарсан байдлыг өөрчлөх агуулгатай тогтоол юм. УИХ энэ тогтоолыг баталбал Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй" гэв.

Read full article →