Нийгмийн хамгааллын тусгай төв 10,000 мод тарих "Хамтдаа тарьж, хамтдаа ургуулъя" төсөл хэрэгжүүлж эхэллээ
Нийгмийн хамгааллын тусгай төв нь 20 гаруй жилийн турш гэр оронгүй, тэнэмэл амьдралтай, архины хамааралтай иргэдэд нийгмийн халамж, сэтгэл зүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хоол хүнс, түр байрлуулах, сургалт хөгжил болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг цогцоор нь хүргэж, нийгэмшүүлэх, бие даан амьдрах чадварыг нь дэмжин ажиллаж байна. Тусгай төвөөс байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор “Хамтдаа тарьж, хамтдаа ургуулъя" 10,000 мод тарих төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн эхний үе шат амжилттай хэрэгжиж, БНСУ-ын Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв ТББ-ын хамтын ажиллагаа, дэмжлэгтэйгээр Баянзүрх дүүрэг Улиастайн аманд байрлах Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл болох Сургалт хөгжлийн цогцолбор төвийн гадна талбайд 2026 оны намар 1,000 модыг хамтдаа тарьж, байгаль орчноо хамгаалах, ногоон орчныг бүрдүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулав. Энэхүү төслийн гол зорилго нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдол, тоосжилтыг бууруулах, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хадгалах, иргэдийн амьдрах, ажиллахад таатай, ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэж байна.
