Бусдыг мөрдөж мөшгөх нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болохыг анхааруулав
Хууль бусаар мөрдөж мөшгөх гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуульд шинээр тусгагдсан шинэ төрлийн гэмт хэрэг бөгөөд хүний эрх, эрх чөлөө, хувь хүний халдашгүй байдлыг хамгаалах эрх зүйн баталгаа юм. Техник технологийн хөгжил, цахим орчны хэрэглээтэй холбоотойгоор хууль бусаар мөрдөж мөшгөх гэмт хэрэг өсжээ. Прокурорын байгууллага сүүлийн гурван жилийн байдлаар хууль бусаар мөрдөж мөшгөх 16 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хууль 13.12 дугаар зүйл. Хууль бусаар мөрдөж мөшгөх 1. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгөсөн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2. Эрх бүхий албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, хувийн зорилгоор албаны техник хэрэгслийг ашиглан бусдыг мөрдөж мөшгөсөн бол 5,400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
