Depository of News

ДАКАР 2026: Эрхэмбаатарын АНУЖИН элсний бөхийн төрөлд ХҮРЭЛ медаль хүртлээ

ikon.mn · world

Сенегалын Дакар хотноо үргэлжилж байгаа залуучуудын олимпын наадмын элсний бөхийн охидын 65 кг-ын жинд Эрхэмбаатарын Анужин хүрэл медаль хүртлээ. Энэ жинд нийт 12 бөх өрсөлдөхөд Э.Анужин "С" хэсэгт багтсан. Улмаар хэсэгтээ Хорватын Эмануэла Радош, Сенегалын Мэри Манга, АНУ-ын Алиеа Апостол нарыг буулган авч, хагас шигшээд Доминиканы Валерио Росадод ялагдсан байна. Ингээд хүрлийн төлөө Египетийн Малак Абделгалилийг 6:2-оор ялснаар залуучуудын олимпоос Монголын багийн хоёр дахь хүрлийн эзэн боллоо. Доминиканы Валерио Росадо энэ жинд алтан медаль хүртсэн бол Испанийн Грасила Энинго мөнгө зүүсэн юм. "Дакар 2026" олимпоос өмнө нь жүдогийн хөвгүүдийн 55 кг-ын жинд Тунгалагийн Төгсхүслэн хүрэл медаль хүртсэн билээ. Ингэснээр манай улс энэ удаагийн олимпод хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар Беларусь, Буркино Фасо, Молдав, Польшийн хамт 63 дугаарт жагсаж байна. Одоогийн байдлаар БНХАУ 11 алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэлтэй тэргүүлж байгаа бол Япон есөн алт, гурван мөнгө, дөрвөн хүрэлтэй, ОХУ зургаан алт, дөрвөн мөнгөтэй удаалж буй. Түүнчлэн нийт 76 улс ямар нэгэн медаль хүртжээ.

Read full article →