Depository of News

Хоёр Солонгосын хил дээр байрлуулсан Умард Солонгосын их бууг үзэх гэсэн хүмүүсийн тоо нэмэгджээ

ikon.mn · world

Өмнөд Солонгосын Кёнги мужийн Кимпу хотод байрлах "Эгибон энх тайвны эко цэцэрлэгт хүрээлэн"-д сүүлийн 10 хоногийн дотор 13,000 гаруй хүн зочилжээ. Тэдний гол зорилго нь ажиглалтын цэгээс тод харагдаж буй Умард Солонгосын өөрөө явагч их бууг нүдээр үзэх явдал юм байна. Кимпу хотын захиргаанаас Ням гарагт мэдээлснээр хоёр Солонгосын хооронд хурцадмал байдал нэмэгдсэн хэдий ч аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 4-ний хооронд тус хүрээлэн 13,243 зочин хүлээн авсан байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийн 12,321 зочинтой харьцуулахад 7.5 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Ажиглалтын цэгээс 1.5 орчим километрийн зайд, Умард Солонгосын эрэг дагуу байрлуулсан өөрөө явагч их бууны зураг орон нутгийн хэвлэлд нийтлэгдэж, олон нийтийн дунд тархсаны дараа ийнхүү зочдын тоо нэмэгдсэн юм байна. Ажлын өдрүүдэд ирэх хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, өдөрт дунджаар 1,000-аас 1,200 хүн ирсэн нь өмнөх жилийнхээс 35 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Харин амралтын өдрүүдэд ирэх хүмүүсийн тоо 10 орчим хувиар буурч, 4,200 болсон байна. Үүнд хүрээлэнгийн зүгээс аюулгүй байдлын үүднээс нэг дор байх хүмүүсийн тоог 500-аар хязгаарлаж, нэвтрэх эрхэд хязгаарлалт тогтоосон нь нөлөөлжээ. Умард Солонгосын их буу нь ажиглалтын цэгээс дуран эсвэл телескопоор харахад хангалттай ойрхон байрлалтай байгаа юм. Гэвч хотын албаны хүмүүсийн мэдээлснээр Умард Солонгосын цэргүүд саяхан уг зэвсгээ өнгөлөн далдлах тороор бүрхсэн тул одоо яг юу болохыг ялгаж харахад хэцүү болжээ. Хүрээлэнд зочлох хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр Кимпу хотын захиргаа нэвтрэх хүмүүсийн тоог аажмаар бууруулж байна. Лхагва гарагаас эхлэн цагт 200 хүнээр (хувь хүмүүст 100, бүлэг зочдод 100 захиалгын эрх) хязгаарлалт тогтоожээ. Гэвч энэ их хөл хөдөлгөөн ойр орчмын оршин суугчдын дургүйцлийг төрүүлж байгаа гэнэ. Тэдний үзэж байгаагаар өдөр тутмын амьдралд нь аюул, түгшүүр төрүүлж буй зүйлийг хүмүүс зүгээр л нэг аялал жуулчлалын үзмэр мэтээр хүлээн авч байгаад гол асуудал байгаа ажээ. "Умард Солонгосын их буунууд бидэн рүү чиглэсэн байхад бид хэзээ мөдгүй сум тусч магадгүй гэсэн айдастай амьдардаг. Бидний хувьд энэ бол үхэл, амьдралын асуудал боловч гаднынхан үүнийг зүгээр л үзмэр мэтээр харж байгааг харахад сэтгэл дундуур байна" гэж орон нутгийн оршин суугч Ёнхап агентлагт ярьсан байна. Уг оршин суугч бас Умард Солонгосын тал Өмнөд рүү чиглэсэн суртал ухуулгын чанга яригчуудаа ажиллуулахаар заналхийлсэнд санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Харин хотын албан тушаалтан уг цэцэрлэгт хүрээлэнг зочдод Солонгосын хойгийн хуваагдлын бодит байдлыг ойлгуулах, энх тайвны үнэ цэнийг эргэцүүлэн бодоход нь туслах зорилгоор байгуулсан тул зочдын тоо нэмэгдсэнд баяртай байгаагаа хэлсэн байна. "Хүмүүс анх зүгээр л сониуч зангаасаа болж зочилсон ч гэсэн энэ туршлага нь тэднийг энх тайвныг илүү их сонирхож, орон нутгийн оршин суугчдад тулгарч буй бэрхшээлийг илүү сайн ойлгоход түлхэц болно гэж найдаж байна" гэж тэр тайлбарлажээ. Эх сурвалж: Korea Times

Read full article →