"Нийслэлийн хэмжээнд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлын явц 60 гаруй хувьтай байна"
Цэцэрлэг, сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг аравдугаар сарын 1-нээс эхлээд буй. Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас мэдээлснээр нийслэлийн хэмжээнд боловсролын 906 байгууллагын 131,596 хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулахаар төлөвлөсөн бөгөөд энэ сарын 2-ны өдрийн байдлаар 60.2 хувийг үзлэгт хамруулжээ. Үзлэгт хүүхдийн арьс, үс, хумс, яс, булчингийн хөгжил, цус багадалт, чих, хамар, хоолой, амьсгалын тогтолцоо, хоол боловсруулах эрхтэн систем, амны хөндийн эрүүл ахуй, зүрх судас, нурууны муруйлт, хавтгай тавхай, сэтгэл зүйн үнэлгээ зэрэг багтаж, үр дүнгийн талаарх дүгнэлт, зөвлөмжийг гэр бүл бүрд хүргэх аж. Цэцэрлэгийн дунд бүлэг буюу 3 настнууд, ерөнхий боловсролын сургуулийн 1, 6, 10 дугаар ангийн сурагчдын эцэг эх, асран хамгаалагч нараас зөвшөөрөл авсны үндсэн дээр эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгаа билээ. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
