Depository of News

Женсен Хуан гэр бүлээс гадуур харилцаагаа хүлээн зөвшөөрч, Хятадын тагнуулын бай болсон эсэхийг Nvidia шалгаж эхлэв

ikon.mn · world

Гүйцэтгэх захирал Женсен Хуан компанийнх нь мэдээллийг Бээжинд дамжуулдаг байсан Хятадын бизнес эрхлэгч эмэгтэйтэй дотно харилцаатай байсан тухай хэвлэлүүд мэдээлсний дараа түүнийг гадаадын тагнуулын байгууллагын онилсон бай болсон эсэхийг шалгаж эхэлснээ Nvidia компани Ням гарагт мэдэгджээ. Хуан ажилтнууддаа илгээсэн захидалд эхнэртээ үнэнч бус байснаа хүлээн зөвшөөрч, энэ үйлдлийнхээ төлөө "бүрэн хариуцлага" хүлээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн бол Nvidia компани түүнийг компаниа үргэлжлүүлэн, тасралтгүй удирдахаар болсныг бас мэдэгдсэн байна. Энэхүү үйл явдал нь хиймэл оюун ухааны (AI) салбарын тогтвортой байдалд хөрөнгө оруулагчид санаа зовж, салбарын компаниудын хувьцааны ханш огцом унасан цаг үетэй давхцаж байгаа юм. Тиймээс салбарт учрах дарамт улам нэмэгдэж болзошгүй байна. "The New York Times" сонин өнгөрсөн сард мэдээлэхдээ түүнийг Сингапурт төвтэй Megaspeed компанийн гүйцэтгэх албан тушаалтан асан Алис Хуантай дотно харилцаатай байсныг илчилж байв. АНУ-ын эрх баригчид Алис Хуаныг шалгасны эцэст түүнийг Хятадын тагнуулын сүлжээний нэг хэсэг гэж дүгнэсэн байна. Одоо АНУ-ын эрх баригчид Megaspeed компанийг шалгаж байгаа бөгөөд тус компани нь Nvidia-гаас хиймэл оюун ухааны чип худалдан авдаг байжээ. Тиймээс тус компанийг Хятад руу экспортлохыг хориглосон, дэвшилтэт хиймэл оюун ухааны чипүүдийг олж авахад нь Бээжинд тусалсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа юм. Nvidia компанийн зүгээс "Үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Женсен Хуан гадаадын тагнуулын байгууллагын онилсон бай болсон байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсны дагуу компанийн төлөөлөн удирдах зөвлөл бие даасан шалгалтыг эхлүүлж байна. Энэхүү шалгалтыг хараат бус захирлуудаас бүрдсэн хороо хянах бөгөөд тэдэнд гаднын бие даасан хуулийн зөвлөхүүд туслах болно" гэж мэдэгджээ. Цааш нь мэдэгдэхдээ АНУ-ын үндэсний аюулгүй байдал эсвэл Nvidia компанийн нууц мэдээлэл алдагдсан гэж үзэх үндэслэл одоогоор байхгүй ч явуулж буй шалгалтаар “байгаа бүх мэдээллийг нарийвчлан нягтлах болно” гэсэн байна. Мөн Хуан энэхүү шалгалтыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд хамтран ажиллахаа илэрхийлсэн гэнэ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өчигдөр орой сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Хуаны талаар ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан байна. Энэхүү шалгалт "Удирдах зөвлөлийн шалгалтын үр дүнгээс хамааран Женсен гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа чөлөөлөгдөх эрсдэл бодитой байна. Тэрбээр Nvidia компанийн түүх болон дэлхийн хэмжээний стратегийн хувьд маш чухал хүн тул энэ нь компанийн хувьцаанд эрсдэл нэмэх болно" гэж Yorkville Ives & Co компанийн түнш бөгөөд ахлах гүйцэтгэх захирал Дэн Айвс мэдэгджээ. "Энэ нь Женсений нэр хүндэд ноцтой цохилт болж, Конгрессын зүгээс дор хаяж хэд хэдэн удаагийн шалгалт явуулахад хүргэхээс гадна хувьцааны ханшид дарамт учруулах болно" гэж Айвс хэлээд уг мэдээлэл нь Хятад руу чип нийлүүлэх асуудалд хяналт шалгалтыг улам чангатгахад хүргэж болзошгүйг анхааруулсан байна. Хуан эхнэртээ үнэнч бус байснаа хүлээн зөвшөөрөхдөө "Миний гаргасан үйлдэл эхнэр болон хүүхдүүдэд минь сэтгэлийн шарх учрууллаа. ​​Хийсэн зүйлдээ би ямар ч шалтгаан тоочихгүй. Би чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна" гэжээ. Хуан хамтран ажиллагсад, удирдах зөвлөл, түншүүд болон хувьцаа эзэмшигчдэдээ хандан "Та бүхэнд үйлчилж, итгэлийг тань даах нь миний үүрэг байсан. Гэвч би энэ үүргээ биелүүлж чадсангүй. Би NVIDIA компанийн үйл хэрэгт тууштай хэвээр байгаа бөгөөд та бүхний итгэлийг эргүүлэн олж авахын төлөө хичээн ажиллах болно" гэж хэлсэн байна. АНУ-ын төлөөлөгчдийн танхим дахь Бүгд Найрамдах намын өндөр албан тушаалтай хууль тогтоогчид энэ сард багтаан "New York Times" сонины нийтлэлийн талаар Конгресст тайлбар өгөхийг Хуанаас шаарджээ. Арваннэгдүгээр сарын 4-ний өдөр илгээсэн захидалдаа хууль тогтоогчид уг нийтлэл нь "АНУ-ын чухал технологи, мэдээлэлд Хятад улс нэвтрэх боломжтой болсонтой холбоотой үндэсний аюулгүй байдлын ноцтой асуудлуудыг хөндсөн” гэж мэдэгдсэн байна. Тэд цааш нь "АНУ-ын үндэсний аюулгүй байдал хэр хэмжээгээр эрсдэлд орсныг Конгресс тодорхойлох нь нэн чухал" гэж мэдэгджээ. АНУ-ын зүгээс 2022 оноос хойш хэрэгжүүлж буй экспортын хяналтын арга хэмжээнүүд нь Хятад улс Nvidia компанийн дэвшилтэт чипүүд болон тэдгээрийг үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг олж авах боломжийг хязгаарлахад чиглэж ирсэн юм. Женсен Хуан 1993 онд Nvidia компанийг үүсгэн байгуулалцаж байсан нь өнөөдөр дэлхийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй аварга компани болоод байгаа билээ. Эх сурвалж: Reuters

Read full article →