Depository of News

Пакистаны иргэн Хятадын тойрог замын сансрын станцад хөл тавьсан анхны гадаад хүн болно

newsdepo.com · world

Хятадын сансрын хөтөлбөрийг хариуцсан агентлаг Пакистаны иргэнийг удахгүй эхлэх "Шэньжоу-24" нислэгийн багт ачаа, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтнээр сонгожээ. Ингэснээр тухайн сансрын нисэгч (нэр нь одоогоор тодорхойгүй байгаа) Хятадын тойрог замын станцад хөл тавьсан анхны гадаадын иргэн болох гэж байна. Бээжингийн "Бүс ба зам" санаачилгын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааны нэг хэсэг болгон Пакистаны сансрын нисэгчийг "Шэньжоу-24" нислэгт оролцуулахаар болсныг Хятадын төрийн төв хэвлэлүүд Бямба гарагт мэдээлжээ. Хятадын тал тухайн сансрын нисэгчийн нэрийг, мөн хэзээ хөөрөх хугацааг зарлаагүй юм. Гэхдээ уг нислэг энэ оны эцэс гэхэд хэрэгжих төлөвтэй байгаа. Пакистаны нисэгчид болох Зешан Али, Хуррам Дауд нар уг нислэгт бэлтгэхээр Бээжин дэх Хятадын Сансрын Нисэгчдийн Судалгаа, Сургалтын Төвд олон сарын турш сургалтад хамрагджээ. Өнгөрсөн хоёрдугаар сард стратегийн болон дипломат харилцааны урт удаан хугацааны түншүүд болох Пакистан, Хятад улсууд Пакистаны сансрын нисэгчдийг бэлтгэх, Хятадын сансрын хөтөлбөрт тэднийг оролцуулах тухай гэрээ байгуулж байв. Хятад улс нь Пакистаны худалдааны хамгийн том түнш бөгөөд гадаадын гол хөрөнгө оруулагч юм. Мөн Хятадын үндэсний сансрын захиргаа Пакистаны анхны өөрөө явагч төхөөрөмж болох Jinnah-1-ийг сар руу илгээхээр төлөвлөж байгаа. 35 кг жинтэй, шинжлэх ухааны тусгай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон уг төхөөрөмж нь сарны хөрсний найрлага, цацраг идэвхт болон плазмын төлөв байдлыг шинжлэн судлах үүрэгтэй. Сургалтын хөтөлбөрт сансрын нисэгчдэд зориулсан практик дадлага сургуулилалт болон хятад хэлний эрчимжүүлсэн сургалтууд багтсан байна. Хятадын төв телевиз (CCTV)-ийн мэдээлснээр сансрын нисэгчид тойрог замын станцад богино хугацаанд ажилласны дараа "Шэньжоу-23" сансрын хөлгөөр дэлхийд буцаж ирэх ажээ. Хятад улс сүүлийн жилүүдэд сансрын хөтөлбөртөө их хэмжээний хөрөнгө оруулж, гол өрсөлдөгч болох АНУ-тай эн зэрэгцэхүйц түвшинд хүрэхийг зорьж байгаа бөгөөд 2030 он гэхэд саран дээр хүн буулгах зорилт тавьсан юм. АНУ, Орос, Хятад улсууд мөн саран дээр цөмийн реактор байгуулахын төлөө өрсөлдөж байна. АНУ-ын сансрын агентлаг NASA 2030 оны эцэс гэхэд саран дээр цөмийн реактор бүтээх төлөвлөгөөгөө зарласан бол Орос улс Хятадтай хамтран ажиллаж, 2036 он гэхэд үүнтэй ижил зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Эдгээр реакторууд нь сарны тогоонуудын гүнд хуримтлагдсан хөлдүү төлөвт байгаа усыг олборлоход шаардлагатай эрчим хүчийг нийлүүлэх юм. Ингэж олборлосон усыг ирээдүйн баазуудад ундны ус, агаар, пуужингийн түлш гарган авахад ашиглах боломжтой гэж эрдэмтэд үздэг. Түүнчлэн эдгээр реакторууд нь саран дээрх баазуудыг цахилгаан эрчим хүчээр хангах үүрэгтэй байх юм. Эх сурвалж: Reuters

Read full article →